Ерөнхийлөгчийг ард түмнээс биш УИХ-аас сонгодог байх нь зөв

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Үндсэн хуулийн эх баригч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг боловсруулан хоёр жил гаруй хугацаанд эрдэмтэн мэргэд, хуульч, Үндсэн хууль тогтоогч, нийт ард иргэдийн санал бодлыг авч тусган хэд дахин засварлан нягтлан боловсруулж, Улсын Их Хурлын 62 гишүүн гарын үсгээ зурж Улсын Их Хурлын даргад өргөн барьсныг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн анхны даваагаа даваад байгаа билээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлын гишүүд сонгогдсон тойргийнхоо иргэдэд тарааж зүйл заалт нэг бүрээр тайлбарлан таниулж саналыг сонслоо.

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл нэлээд чамбай сайн боловсруулагдсан байна гэсэн үнэлгээг ард түмэн өгч байна.  Ялангуяа Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр 2000 онд оруулсан дордуулсан гэх долоон өөрчлөлтийн алдааг засч чадсандаа онцлогтой. Мөн аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дөрвөн жилийн хугацаагаар сонгох, сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгох, Баг хорооны Засаг даргыг харъяалах сум, дүүргийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилох зэрэг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон орон нутгийн удирдлагатай холбоотой гурван зүйл заалт нь ард түмний хүсэл зорилготой бүрэн нийцэж байна. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөөс дараах гурван зүйл заалтыг эргэж сайн нягтлан үзэхийг эрхэм түшээдээс хүсч байна.

1. 27 дугаар зүйлийн 6. “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж” гэснийг “гишүүдийн дийлэнх олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж” болгон засч 2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр хасч алга болгосон “Дийлэнх” гэдэг үгийг оруулж өгөх

2. 43 дугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал, Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно” гэсэн заалтын “гишүүдийн дөрөвний нэг” гэснийг “гуравны нэгээс доошгүйн саналаар” гэж, “Улсын Их Хурлын гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн бол” гэснийг “гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь уг саналыг дэмжсэн бол” гэж өөрчлөн огцруулах босгыг нь өндөр болгох санал байна. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд засаглалын харилцаанд гарсан хамгийн ноцтой алдаа бол Засгийн газраа олон удаа огцруулж, тогтвортой ажиллах, мөрийн хөтөлбөрөө биелүүлэх бололцоог алдагдуулсан явдал мөн.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэн, ажил хийх боломж олгоход чиглэсэн хэд хэдэн чухал заалт байгаа хэдий ч, өмнөх алдааг гаргахгүй Ерөнхий сайд, Засгийн газраа тогтвортой ажиллах бололцоог хангахад чиглэсэн нэмэлт өөрчлөлт байхгүй байгаа тул огцруулах нөхцөлийг арай чангаруулахаар дээрх хоёр саналыг гаргаж байгааг Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажпын хэсгийн гишүүд, Улсын Их Хурлын эрхэм түшээд мэргэн ухаандаа тунгаан болгооно биз. 

3. 30 дугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын, уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь, монголчууд эртнээс нааш 40 гарсан хүнийг нас тогтсон хүн гэж үздэг. Аян жин тээж байх үед 40 гарсан эр хүн, дөрөв дарсан эр тэмээ хоёр ямар ч бэрхшээлийг давна гэсэн мэргэн цэцэн үг байдаг. 50 гарсан хүнийг нас хэвийсэн ахмад хүн гэж хүндэлдэг. Манай улсын тэтгэврийн хуулиар эмэгтэй хүн 55 нас хүрээд тэтгэвэрт гардаг хуультай. Хэрэв эмэгтэй хүн Ерөнхийлөгч болно гэвэл тэтгэврийн авгайчууд л байж таарна.  “Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн нь ямар ч ач холбогдолгүй заалт шиг санагдаж байна. Улсын Их Хурал дөрвөн жилээр сонгогдож байхад Ерөнхийлөгчийг зургаан жилээр сонгох шаардлагагүй. Харин сайн Ерөнхийлөгч гарч ирсэн тохиолдолд дахин сонгогдох эрх нь нээлттэй байх нь зүйтэй юм. Ийм учраас одоогийн мөрдөж байгаа Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн хоёрдугаар заалтыг өөрчлөхгүй байх нь зүйтэй санагдана. Харин манай улс парламентын засаглалтай улсын хувьд Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс биш Улсын Их Хурлаас сонгодог байх нь зүйтэй. Иймдодоогийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлд Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлаас сонгохтой холбогдсон нэмэлт өөрчлөлтийг оруулаад батлах бүрэн боломжтой юм. 

4. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хурал хадгална” гээд Үндсэн хуулиар баталгаажуулаад өгсөн юм чинь дахин их зардал гаргаж ард нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй.Улсын Их Хурал хэлэлцүүлгийн хугацаанд ард нийтээс гарсан саналуудыг сайн тусган хоёр дахь хэлэлцүүлгээ хийж, нягтлан боловсруулаад эцсийн хэлэлцүүлгээрээ шууд баталчих нь зүйтэй гэсэн санал байна.   

С.ПҮРЭВ/Өвөрхангай аймаг. АИХ- ын 240 дүгээр тойргийн депутат асан, өндөр настан/

Илүүг харах

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close

Adblock илэрлээ!

Уучлаарай та Adblock-г идэвхигүй болгоно уу.