“Пулемётын галын эзэн”

Миний ширээн дээр Батлан хамгаалахын төв архивын 2682 тоот лавлагаа дэлгээстэй байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний буурал их буучин Цэндээхүүгийн Лувсаннямыг Батлан хамгаалахын төв архив аавтай нь “уулзуулсан” буянтай баримт энэ юм. Түүнийг уншин суухад миний сэтгэлд эцэг, хүү хоёрын дүр төрх нэгэн зэрэг ургаж байна. Миний бие 1973 онд Цэргийн Ерөнхий дээд сургуулийг төгсөж, Ардын Армийн 120 дугаар ангид их бууны тагнуулын салааны даргаар томилогдон очив. Дивизионы тагнуулын албаны дарга, ахлах дэслэгч Цэндээхүүгийн Лувсаннямын удирдлага дор ажиллах болов. Онолоор “бөөлжсөн” амьтан практикт сөхөрч байлаа. Лувсанням дарга “За, юу болж байна?” гэх аястай уулзана. Тэгээд л танхим, хээрийн хичээл дээр намайг эргэнэ. Тэр үеийн зарим дарга “арга хэмжээ”-гээр айлгаж, атиртал загнадаг байсан гэхэд гүжирдлэг болохгүй. Гэтэл Луяа дарга “Нөхөд минь ингэж болохгүй, ингэнэ” гээд бүгдийг зааж өгнө. Сүүлдээ бүр хээрийн сургуульд гараад бидний хичээлийг эргэн шалгахаараа бөхийн барилдаанаар дуусгана. Харин дээд дарга нараас бидний тагнуулчдыг өөлөх янзтай үг хэлбэл мань хүн ерөөс хүлээн авахгүй, биднийг өмөөрөн “тулалдана”. Хамрынхаа угаар хэлдэг түүний үг нясуун гэж жигтэйхэн. Бидний хувьд дээрээс шидсэн чулуу Луяа даргын гараар дамжин толгой дээр хатуухан бууна даа гэж айж байтал “За, та нар харав уу? Та нарыг хүмүүс ингэж өөчилж байна. Сайхан байна уу?” гэхэд барилдаж, ноцолдож үеийн юм шиг байдаг миний цэргүүд команд авсан юм шиг “Муухай байна” гэж зэрэг хашхирснаар асуудал дуусдаг байлаа. Тэр цагаас хойш 46 жилийн дараа Луяа дарга маань над дээр ирж “Халхын голын дайны ялалтын 80 жилийн ой болох гэж байна. Муу аавыгаа нэг дурсах санаатай ирлээ” гэдэг юм байна. Ингээд л бид хоёр эх орончдын архиваа зорьж Хөнхөрийн Цэндээхүүгийн тухай архивын материал хүссэнийг Батлан хамгаалахын төв архивын эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Ж.Гантулга тэр дор нь гаргаж өгсөн юм. Завхан аймгийн Отгон сумын 2 дугаар багийн харьяат Хөнхөрийн Цэндээхүү эх орныхоо зүүн хилд Япон-Манж-гогийн аюул занал нүүрлэж, дарийн утаа ханхлуулж байсан 1937 онд цэргийн албанд морджээ. Аав Хөнхөр нь 1918-1923 онд баруун хязгаарт алба хаасан цэрэг эрийн хувьд хүүдээ ямар захиас хайрлаж мордуулсныг хэн мэдлээ. Ямар боловч нялуун бус шулуун үгээр дөрөөг нь мялаасан нь хуучин цэргийн бичигдээгүй хууль. Х.Цэндээхүү цэрэгт ирээд Тамсаг булагийн 6 дугаар морьт дивизийн 17 дугаар морьт хорооны (БНМАУ-ын баатар Л.Дандарын) пулемёт суманд хүнд пулемётын наводчикаар томилогдон алба хаажээ. Ингэснээр тэр бээр Халхын голын дайны галт бөмбөг, гал ус, гашуун зовлон зүдгүүрийг туулж, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалж үлдсэн алдарт ахмад үе, гавьяатнуудын нэгэн болсныг архивын шар хуудсууд нотолж байна.  Халхын голд цагийн байдал хүндэрсний улмаас маршал Х.Чойбалсан, “Манай цэргийн гол хүчийг очтол дайсныг Халхын голоос нааш гаргахгүй барьж байх” тушаалыг П.Чогдоны командалсан хилийн заставт өгөхийн хамт МАХЦ-ийн 6 дугаар морьт дивизийг Тамсагбулагаас Халхын гол руу маршаар хөдөлж заставт хүч нэмэгдүүлэхийг тушаажээ. Зургаадугаар морьт дивиз 5 дугаар сарын 21-ний өглөө Халхын голд очсоноор П.Чогдоны застав, 17 дугаар морьт хорооны 2 дугаар сумангийн дайчид Японы түрэмгийлэгчидтэй баатарлаг тулалдаж, тэдэнд Халхын голыг гатлах бололцоо өгөлгүй таван хоногийн турш саатуулан барьж чаджээ. Зугаадугаар морьт дивизийн домог болсон дайчин түүх ингэж эхэлсэн байна. Гэтэл Японы дивизийн командлагч Комацубара Халхын голын эрэг дэх Монгол-Зөвлөлтийн цэрэг рүү 5 дугаар сарын 28-ны өдөр давшиж бүслэн бут цохих төлөвлөгөөг баталжээ. Энэ үед Улаан цэргийн түрүүчийн ангиуд Халхын голд хүрэлцэн очсон хэдий ч гол хүч очиж амжаагүй тул Японы хүч үлэмж давуу байжээ. Ийнхүү 1939 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байлдаан болох нөхцөл бүрэлдэж, МАХЦ-ийн байлдах чадвар, эр зоригийн анхны том сорилын нэг нь энэ өдөр эхэлжээ.Япон цэргийн давшилт эхэлж, Япон-Баргын үлэмж хүч 6 дугаар морьт дивизийг бүслэхээр давшиж, ар тал, голын гарам руу цөмрөн орохоор дайрч улангассан тулалдаан болжээ.Тэр тулалдаанд оролцогсод дурсан ярихдаа “Тэр цагт дайсны их бууны буудлага алсаас нүргэлж, винтов пулемётын дуу энд тэндгүй тачигнан, төрөл бүрийн калибрын бууны сум мөндөр мэт асгарч цагийн байдал маш хүнд болж билээ” хэмээн хуучилсан байдаг. Зургаадугаар морьт дивиз, түүний дотор дэслэгч Л.Дандарын командалсан 17 дугаар морьт хороо 29-ний өглөөнөөс Монгол-Зөвлөлтийн дайчидтайгаа мөр зэрэгцэн сөрөг давшилтад орж дайсныг Монголын нутгаас хөөн гаргажээ. Байлдааны явцад 6 дугаар морьт дивизийн дайчид дайсны тагнуулын отряд, мөн моторжуулсан салааг бараг бүхлээр нь устгасан байна.Долоодугаар сарын эхээр Л.Дандарын командалсан 6 дугаар морьт дивиз Халхын голын баруун эрэгт байрлаж байв. Гуравны өглөө япон давшилтаа эхлэв. Энэ тулалдаан нь “Баянцагааны тулалдаан” гэж түүхэнд алдаршсан билээ. Гурван өдрийн улангассан ширүүн байлдаанд Монгол-Зөвлөлтийн цэрэг Японы бүслэн устгах төлөвлөгөөг тас цохиж, Халхын голын чанадад хөөн гаргав. “Баянцагаанд алагдсан Японы цэргийн хүүр, морины сэг, эвдэрсэн их буу, миномёт, машин дэвсээстэй юм шиг байж, машинаар явахад саад тээг болж байсан” гэж Г.К.Жуков дурдатгалдаа бичсэн нь энд ямар аймшигт тулалдаан болсныг илтгэх бөгөөд Л.Дандарын командалсан 6 дугаар морьт дивизийн ангиуд онцгой гавьяа байгуулсныг түүхэнд тэмдэглэжээ. 

1939 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Монгол-Зөвлөлтийн цэргийн ерөнхий давшилт эхлэв. Зургаадугаар морьт дивиз Монгол-Зөвлөлтийн цэргийн хойд бүлгийн бүрэлдэхүүнд тулалдан дайсныг бүслэх үүрэг хүлээжээ. Төлөвлөгөө ёсоороо дайтаж Монгол-Зөвлөлтийн цэрэг ялалт байгуулав. Энэ тулалдаанаар 6 дугаар морьт дивиз Япон-Баргын хороо шахам цэргийг устгасан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байна. Арвандолоодугаар морьт хорооны хүнд пулемётын наводчик Х.Цэндээхүү Халхын голын дайнд ийнхүү байлдааны дайчин замналыг туулжээ. Тухайн үеийн морьт хороодын галын цохилтын гол хүч нь хүнд пулемёт байсан болохоор алдарт хорооныхоо ялалтад Х.Цэндээхүүгийн хувь нэмэр, гавьяа зүтгэл үлэмж их байсан нь гарцаагүй билээ. Х.Цэндээхүү нь сумангийн улс төрийн удирдагч Ч.Жүгдэрнамжил, тасгийн дарга Няндаг нарын шууд удирдлагад тулалдаж явсан нь илт байна.

Тэгвэл, цэргийн түүхэнд “… Ч.Жүгдэрнамжил, тасгийн дарга Няндаг нар өөрийн суман, тасгийг гарамгай удирдаж, дайсныг удаа дараа атаклаж, пулемётын галаар хэдэн арван дайсныг устгаж, пулемёт, винтов, сэлэм, бусад буу зэвсэг олзлон авч байжээ” хэмээн тэмдэглэсэн байна. “Пулемётын галын” эзэн нь Х.Цэндээхүү болж таарч байна. МАХЦ-ийн түүхэнд бичсэн дээрх баримтуудыг Батлан хамгаалахын төв архивын баримт яв цав нотолж байна. Тус архивын лавлагаанд: 1939 оны Халхын голын дайнд МАХЦ-ийн 6 дугаар морьт дивизээс гавьяа байгуулж шагнагдсан бүртгэлийн 50 дугаарт “Наводчик Хөнхөрийн Цэндээхүү, эвлэлийн гишүүн…, 5 дугаар сарын 28-ны өдөр, 7 дугаар сарын 17, 22, 29-ний өдрүүдэд онц зүтгэлийг гаргаж байлдсан” гэсэн бол: БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1939 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хуралдсан 60 дугаар хурлын тогтоолд: 

1. “Өөрийн эх орныг гадаадын эзэрхэг түрэмгий нарын довтолгооноос шийдвэртэй батлан хамгаалах баатарлаг байлдаанд шалгарсан 6 ба 8 дугаар дивизийг маршал, өрлөг жанжин Х.Чойбалсангийн хүссэн ёсоор “Улаан туг”-ийн одон тэмдгээр тус тус шагнахын хамт Бага хурал, Засгийн газраас 6 ба 8 дугаар дивизэд Улаан тугаар баяр хүргэхээр тогтов. 

2. Зургаадугаар морьт дивизийн наводчик Хөнхөрийн Цэндээхүү … зэрэг байлдагч, бага дарга, улс төрийн тушаалтан нар болбоос МАХН ба Засаг хийгээд Бүх цэргийн жанжнаас тавьсан үүрэг, шаардлагын ёсоор эх орноо японы эзэрхэг түрэмгий нарын довтолгооноос батлан хамгаалах явдалд эрс шийдвэртэй бөгөөд үнэнч шударгаар маш идэвх зүтгэлийг гаргаж байлдааны цусан гавьяа байгуулсан болох тул тус улсын Засгийн газраас онцоор үнэлэн үзэж…цусан гавьяаны нэгдүгээр зэргийн Улаан тугийн одон, тэмдгээр шагнахаар хэлэлцэн тогтов” хэмээн дурджээ. Энэ шагналыг тус өдөр маршал Х.Чойбалсан Халхын голд өөрийн биеэр очиж байлдааны нуувчинд Х.Цэндээхүүд гардуулан баяр хүргэжээ. Энэ баримтыг батлан тэмдэглэж мөн архивын лавлагаанд: “Мөн дивизээс 1939 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан 17 дугаар хорооны одон, тэмдгээр шагнагдагсдын бүртгэлийн 34 дугаарт: “Наводчик Хөнхөрийн Цэндээхүү. Арвандолоодугаар хорооны пулемёт суман. Цусан гавьяаны одонгоор шагнагдсан” хэмээн дурдсан байх бөлгөө.БНМАУ-ын баатар Л.Дандар, улс төрийн удирдагч Ч.Жүгдэрнамжил, Х.Цэндээхүү нар насан туршид үерхэн нөхөрлөж явжээ. Х.Цэндээхүүг Улаанбаатарт шилжин ирсний дараа Л.Дандар баатар, Ч.Жүгдэрнамжил нар хөөцөлдөж Х.Цэндээхүүгийн тэр үеийн Улаан тугийн одонг орчин үеийн Байлдааны гавьяаны улаан тугийн одон (Үнэмлэх №177)-гоор солиулж өгсөн ба түүний Байлдааны хүндэт медаль, Халхын гол (Морьтой), Халхын голын болон Ардын хувьсгалын ойн медалиудын хамт эдүгээ Х.Цэндээхүүгийн хөвгүүн Ц.Лувсаннямд хадгалагдан байна.

Нэгэн удаа Л.Дандар, Ч.Жүгдэрнамжил хоёр дарга нь Х.Цэндээхүү гуайнд очиж ярилцан суухдаа Дандар баатар Цэндээхүүдээ хандан: “Чи ч намын гишүүн байсан бол энэнээс арай өөр шагнал хүртэх байсан даа. Чи Халхын голын байлдааны туршид эх орноо, биднийгээ хамгаалж явсан ач гавьяатай баатар хүн шүү дээ” гэсэн гэдэг. Энэ бол дивизийн дарга, удирдлагаас нь Х.Цэндээхүүд өгсөн өндөр дээд шагнал, хайр хүндэтгэл, халуун талархал байжээ … Энэхүү тэмдэглэлийг өндөрлөхдөө нэгэн зүйлийг цохолмоор санагдсан нь: Удамт айлын цэрэг-байлдааны түүхэн замнал дараах байдлаар уламжлан үргэлжилж байна:

Т.Хөнхөр (Цэргийн албыг 5 жил хаасан), Х.Цэндээхүү (5 жил), Ц.Лувсанням цэрэг, энгийн төрийн албыг 43 жил хаасан бол Ц.Лувсаннямын хоёр хөвгүүн хоёул цэргийн хугацаат албыг хаасан байна. Тэднийх дөрвөн үеэрээ Зэвсэгт хүчинд зүтгэжээ. Манайханд “Нэр нь тодроогүй баатар” гэсэн нэг нэршил явдаг. Х.Цэндээхүү бол нэр тодорсон баатар гэдгийг МАХЦ-ийн түүх, Архивын баримт, Дандар баатрын үнэлгээ нотолж байна. Энэ баатрын үр хөвгүүд нь өвөг дээдсийнхээ цэрэг-эх оронч ариун алдрыг хадгалж, үржүүлж, үргэлжлүүлж явааг бахдууштай. Монголын ард түмний эх оронч баатарлаг түүх тасрахгүйн нэгэн баталгаа юм даа.   

ЦШУ-ны доктор, чөлөөнд байгаа хурандаа Х.Шагдар

Илүүг харах

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Таньд санал болгоё

Close
Back to top button
Close

Adblock илэрлээ!

Уучлаарай та Adblock-г идэвхигүй болгоно уу.