Касым-Жомарт Токаев маргааш тангараг өргөнө

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНКазУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулиар олонхын буюу 70.9 хувийн санал авсан Касым-Жомарт Токаев маргааш буюу энэ сарын 12-нд тангараг өргөнө. Энэ талаар өнөөдөр тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калибек Кобландин мэдээлэв.Казахстан улсын Ерөнхийлөгчөөр 30 жил ажилласан Нурсултан Назарбаев энэ оны гуравдугаар сард өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Үүний дараа Касым-Жомарт Токаев тус улсын Ерөнхийлөгчөөр түр ажиллаж байв. Улмаар Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг энэ сарын 9-нд явуулсан бөгөөд Казахстаны АН, Үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг нам, иргэний нийгмийн байгууллагаас 7 нэр дэвшигч өрсөлдсөний дотор өнөөгийн Ерөнхийлөгч мөн орсон юм.Сонгуулийн үеэр Казахстан улс болон гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газруудад нийт 9960 санал авах байр ажилласан бөгөөд 6 сая 504 мянга 54 иргэн буюу тус улсын 18-аас дээш насны нийт иргэдийн 77.4 хувь нь саналаа өгчээ. Үүнээс 15 мянга нь гадаадад амьдарч буй казах иргэд  гэдгийг Элчин сайд онцлов. 

 Тэрбээр, “Монгол Улсад Казахстаны 60 орчим иргэн амьдарч байгаагаас 93.1 хувь нь саналаа өглөө. Монголд амьдарч буй казах иргэдийн дийлэнх нь Эрдэнэт хотод байдаг тул Элчин сайдын яамны төлөөлөгч тус хотод очиж санал авсан” гэлээ.Энэ удаагийн сонгуульд хамгийн олон нэр дэвшигч өрсөлдсөн, анх удаа эмэгтэй хүн нэр дэвшсэн зэргээрээ өмнөх сонгуулиудаас онцлог болжээ. Тодруулбал, Казахстан улсад өмнө нь болж байсан Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн ихдээ 4-5 хүн нэр дэвшиж байсан бол энэ удаад 7 болж өссөн юм. Мөн энэ удаагийн сонгуульд Казахстаны ардчилсан намаас нэр дэвшсэн Дания Еспаева хэмээх эмэгтэй нэр дэвшиж, 465 мянга 714 иргэн буюу нийт сонгогчдын 5.05 хувийн саналыг авчээ. Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. -Олонхын санал авсан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг товч танилцуулбал? -Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр гурван үндсэн тулгуур зарчимтай. Тодруулбал, төрийн залгамж чанарыг хадгалах, шударга ёсыг тогтоох, ард түмнийхээ аж байдлыг дээшлүүлэх юм. Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт иргэдийн жижиг дунд бизнесийг дэмжих, амьжиргааны түвшинг сайжруулах тухай тусгасан байна. Мөн өмнөх Ерөнхийлөгчийн баримталж байсан гадаад бодлогыг залгамжлан, бусад оронтой харилцан ашигтай хамтран ажиллана. -Сонгуулийн үеэр эсэргүүцлээ илэрхийлсэн иргэдийг баривчилсан тухай мэдээлэл гарсан. Мөн сэтгүүлчдийг ч баривчилсан гэсэн? -Сонгуулийн өдөр жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглодог. Гэтэл зарим иргэн хууль зөрчиж жагсаал зохион байгуулсан тул 500 гаруй хүнийг баривчилсан. Үүний дотор ажлаа хийж явсан сэтгүүлчийг санамсаргүй баривчилсан тохиолдол гарсан. Баривчилгааны дараа тухайн сэтгүүлчийн үнэмлэхийг шалгаад сулласан. Мөн зарим хэвлэл, мэдээллийн байгууллагаар “Жагсаалын үеэр хүний амь эрсэдсэн” гэсэн мэдээлэл гарлаа. Уг мэдээллийг манай улсын Эрүүл мэндийн яамнаас үгүйсгэсэн. -Сонгуулиар Касым-Жомарт Токаев 70 гаруй хувийн санал авна гэдэг нь эрт тодорхой болсон байсан. Энэ бол шударга бус сонгууль хэмээн зарим нэр дэвшигч мэдэгдсэн? -Аль ч улс оронд болж буй сонгуульд ялагдал хүлээсэн улс төрч тухайн сонгууль шударга болсон гэж хэлдэггүй. Миний хувьд бол, сонгууль шударга болсон гэж үзэж байгаа. Ер нь сонгуулийн үеэр нэг хүн 2-3 саналын хуудас бөглөсөн зэрэг үйлдэл 19 бүртгэгдсэн. Үүнийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Сонгуулийн үеэр гадаадын 600 гаруй ажиглагч ажилласны дотор Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгч ч багтсан. Ажиглагч нар энэ удаагийн сонгуулийг тайван, зөрчилгүй болсон гэж дүгнэсэн байна. -Сонгуулийн үеэр интернет, холбоо тасалсан тухай мэдээлэл бий? -Сонгуулийн үеэр ачааллын улмаас зарим газар интернэтийн хурд удааширсан асуудал бий. Гэхдээ улсын хэмжээнд ийм асуудал болоогүй.  Б.ОдгэрэлЭх сурвалж: Монцамэ агентлаг

Илүүг харах

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close

Adblock илэрлээ!

Уучлаарай та Adblock-г идэвхигүй болгоно уу.