ХОЁР ОРНЫ ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ НАЙМАН ЖИЛИЙН ДАРААХ УУЛЗАЛТ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун анх удаа ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар ОХУ -д айлчлахаар болсныг “КСНА” агентлаг мэдээллээ. Тэрээр Путины урилгаар ОХУ-д айлчлах гэж байгаа нь энэ юм байна. Энэ үеэр хэлэлцээр хийнэ гэж “КСНА” агентлаг онцлов. Харин Ким Жон Уныг өнөөдөр Владивостокт ирнэ гэж “Спутник” агентлагт ОХУ- ын Ойрхи Дорнод дахь төмөр замын компанийн удирдлагатай ойрхон эх сурвалжаас мэдээлсэн байна. Түүний хуягласан галт тэрэг Хойд Солонгос ОХУ-ын хил дээр байдаг Хасаны төмөр замын буудалд ирнэ. Тэндээсээ Уссурийскт очоод дараа нь уулзалт болох газраа очно гэжээ.

Тодруулбал, Владивостокт өнөөдөр үдээс хойш ирэх юм байна. Мөн ОХУ-ын талаас энэ сарын 18-нд Владивостокийн төмөр замын буудалд хоёр орны тэргүүний хооронд болох уулзалтын өмнөхөн аюулгүй байдлыг шалгахаар Хойд Солонгосын өндөр албан тушаалтан ирсэн гэж мэдээлсэн байна. Мөн Өмнөд Солонгосын хэвлэлд Ким Жон Уны дүү Ким Ё Жинийг өнөөдөр болох уулзалтад бэлтгэхээр өчигдөр Владивостокт ирсэн гэж бичжээ. Харин уржигдар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уулзалтын бэлтгэл ажил эцсийн шатандаа орсон гэв. Гэхдээ уулзалтын талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.

Мөн Кремлийн ордны цахим хуудаст бичсэнээр Владимир Путин өнөөдөр Санкт Петербург хотод хурал хийхээр төлөвлөсөн байжээ. “Спутник” агентлагийн сэтгүүлчийн мэдээлснээр Владивостокийн нисэх онгоцны буудалд Пхеньянаас ирсэн хоёр онгоц газардсан байна. Үүнийг нь Өмнөд Солонгосын “КВ8” телевиз энэ онгоцонд өнөөдөр болох уулзалтад бэлдэхээр Ким Жон Ун удирдагчийн аюулгүй байдлын ажилтнууд ирсэн гэж үзэж байгаа юм. Энэ удаагийн айлчлал нь Ким Жон Уны аав Ким Жон Ил 2011 онд тухайн үед ОХУ- ын ерөнхийлөгч байсан Дмитрий Медведевтэй уулзсанаас хойш найман жилийн дараа хоёр орны тэргүүнүүдийн хийх гэж байгаа анхны уулзалт ажээ. Мөн Ким Жон Уны ОХУ-д хийх айлчлал нь түүний хувьд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай өнгөрсөн хоёрдугаар сард Ханойд хийсэн амжилтгүй уулзалтаас хойш гадаадад хийж байгаа анхны айлчлал болох юм. Харин Хойд Солонгосын удирдагчийн Москвад хийх айлчлалын өмнөхөн ОХУ-ын Төрийн Думын болон парламентын зарим гишүүн Пхеньянд айлчилжээ. Хойд Солонгосын Хөдөлмөрчдийн намын хэвлэлийн байгууллагаас олон улсын аюулгүй байдлын тухай VIII чуулганд оролцохоор тус улсын ардын Зэвсэгт хүчний сайд Но Кван Чолын ахалсан төлөөлөгчид уржигдар Москва руу явсан гэж мэдээлсэн байна.
 Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд

Илүүг харах

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close

Adblock илэрлээ!

Уучлаарай та Adblock-г идэвхигүй болгоно уу.