А.Амгаланболд: Талийгаачдыг угааж цэвэрлэж ар гэрт нь үзүүлэх үйл ажиллагаа явуулах байсан ч энэ ажиллагаа хийгдээгүй

Төв цэвэрлэх байгууламжид осол болж харамсалтайгаар дөрвөн иргэн амиа алдсан билээ. Нас барсан иргэдийн цогцосыг ШШҮХ-ийн цогцос хадгалах байранд авчирсан. Гэтэл өнөөдөр дөрвөн иргэний цогцсыг хөдөөлүүлэхэд цогцос хоорондоо солигджээ. Энэ талаар ШШҮХ-ийн эмнэлгийн асуудал хариуцсан Дэд захирал А.Амгаланболдоос тодрууллаа.

-Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр төв цэвэрлэх байгууламжид осол гарч дөрвөн хүн амиа алдсан. Уг хэргийг НЦГ, СХД-ийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, ШШҮХ-ийн холбогдох эмч нар ажилласан. Хэргийн газар дээр таниулах ажиллагаа явуулж цогцосны уутанд талийгаачийн овог нэрийг нааж манай байгууллагад ирүүлсэн. Энэ уутан дахь дугаар овог нэрийн дагуу бүлэг шинжилгээ хийгдсэн.

Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр хөдөөлүүлсэн хүний цогцос өнөөдөр хөдөөлүүлсэн гурван хүний цогцостой солигдсон гэсэн мэдээлэл байна?

-Ийм харамсалтай болсон явдал болсон. Энэ асуудлаар манай хяналт шалгалт аудитын хэлтэс шалгалт явуулж байгаа. Ямар хариуцлага алдав гэдэг асуудал дээр албан шалгалт хийгдэж байна. Энэ шалгалтын үр дүн хараахан гараагүй байна. Үр дүн нь гарахаар холбогдох албан тушаалтанд хариуцлагын асуудал яригдана. Мөн энэ цогцос нэрний асуудал хаана солигдов гэдэг дээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана.

Өнгөрсөн Баасан гарагт хөдөөлүүлсэн хүний цогцосыг ар гэрийхэн нь харах боломж байсан юм уу? Осолд ороод танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн байсан юм уу?

– Өтгөн лаг дотроос хүмүүсийн цогцосыг гаргаж авсан. Маш их бохирдсон байсан. Цагдаагийн байгууллагаас цогцосыг таниулах үйл ажиллагаа явуулаад угааж цэвэрлэж ар гэрт нь үзүүлэх үйл ажиллагаа явуулах байсан ч энэ ажиллагаа хийгдээгүй. Цогцос хүн танихын аргагүй болоогүй. Өнгөрсөн Баасан гаригт талийгаачийн ар гэрийхэн цогцос мөн байна гэж таниад, гарын үсэг зураад шарил аваад явсан.

-Цогцос хүлээн авсан буюу моорогт ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөх ажлыг ямар хүмүүс хариуцаж ажилладаг вэ? Хэчнээн хүн ажилладаг вэ?

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газар нь Улаанбаатар хотод эмнэлгийн бус нөхцөлд нас барсан хүмүүсийн цогцост үзлэг шинжилгээ хийдэг. Туслах ажилтан найман орон тоотой ажилладаг. Мөн бүртгэл мэдээллийн хэлтсийн ажилтан нас барсан хүний ар гэрийнхэнд цогцос хүлээлгэн өгөхөд хяналт тавьж ажилладаг. Баасан гаригт гарсан шарилын хувьд тухайн ар гэрийнхэн нь “энэ манай шарил мөн” хэмээн таньж гарын үсэг зураад авч явсан.

Ар гэрийнхэн нь манай шарил биш гэсэн мэдээллийг өгч байна. 

-Ар гэрийнхний зүгээс өнөө өглөө “гарах ёстой шарил биш байна” хэмээн гомдол гаргаснаар, энэ асуудал босч ирсэн. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байна.

-Шарил солигдсон энэхүү асуудалд төрийн байгууллагын хариуцлага яригдах уу?

Хариуцлага тооцох ёстой. Гэхдээ шарилын нэр хаана солигдсон бэ гэдгийг тогтоох хэрэгтэй.

Анхнаасаа нэр буруу бичигдсэн үү? Эсвэл дундаа нэр нь солигдсон уу?

-Хэргийн газар дээр таниулах ажиллагаа хийгдсэн. Түүний дагуу манай байгууллага дээр цогцосууд ирсэн. Тэрхүү хаягийн дагуу таних ажиллагааг хийсэн. Бүх үйл ажиллагааны хяналтын камерын бичлэг байдаг. Тэрхүү камерын бичлэгийг шалгасан. Гадны үзлэг хийгдэх явцад нэр хаяг солигдоогүй.

Илүүг харах

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close

Adblock илэрлээ!

Уучлаарай та Adblock-г идэвхигүй болгоно уу.