Популистуудын гай

Монголд ер нь болж бүтэж байгаа юм ховор гэвэл ам руугаа алгадуулах байх л даа. За яахав алгадаж л байг. Бичих нийтлэх нь сэтгүүлч бидний үүрэг юм чинь. Эх орон маань даанч баян юм даа. Газар доорх эрдэнэс нь аваач, ашиглаач гэж хашгирах нь холгүй элбэг. Мал сүрэг нь тоолж барамгүйгээр жилийн жилд өсч л байх. Үнэндээ малаа тоолж барахаа больсон шиг. Жил бүр тооллого болно. Малаа нүд үзэж тоолох гэж угүй. Овооны цаадах малчныд ч тооллогынхон очихгүй малынх нь тоог утсаар аваад л боллоо. Ингээд л баримжаагаар 66 сая гээд гаргачихна. Уул уурхайн баялгаа ч бас иймэрхүү л аргаар ашигладаг гээд хэлчихэд буруудахгүй дээ. Тамсагаас өдөрт хэчнээн баррель газрын тос олборлож цааш нь тээж байгаа юм бас л бүдүүвч тоо хэлнэ. Таван толгойн нүүрсийг хэр хэмжээтэй гадагш гаргаж байгааг тэр хэдэн зуун машины тэвшний баримжаагаар л хийдэг гэх. Заримдаа хэдэн зуун тонн нүүрс хулгайлаад гарчихад мэдэхгүй суух. Энэ байдлаас болоод баялагтай орны иргэд бидний амьдрал дорой хэвээр л.

Улстөрчдийн хэлж байгаа шигээр статисктикийн албаныхны мэдээлж буйгаар ард түмний аж амьдрал өөдлөөд нэг өрхийн бодит орлого өчигдрөөс өнөөдөр өсчихөөд байгаа юм алга. Гэтэл Монголын төр, засгийн эрхмүүд төрийн ордны шаргал байшингийн цонхоор “амьдрал сайхан байна” гэж хараад байна. Хийдэг юм нь улстөржилт, хий хоосон амлалт, яриа ийм л байх шиг. УИХ-ын чуулганы танхимд л гэхэд юу ярьж байнав гэвэл. Дэмий юмны төлөө маргалдаж цагаа барах. Зарим нь бүхнийг мэдэгч болж орилоод л. Бүгд л популистуудын жагсаалтыг нэмээд. Чалчигсад буюу популист гэж хэнийг хэлдэг вэ гэвэл болж бүтэж байгаа бүхнийг харлуулж болохгүй бүхний бурууг бусад руу чихэж, бүтэхгүй юм амлаж өөрөө хэзээ ч хариуцлага хүлээдэггүй тийм нөхдийг гэвэл ононо.

Дараагийн сонгууль хаалга тогшиж буй энэ цагт улстөрчийн попролт улам нэмэгдэж байна. Бүгдээрээ л хуульч болчихсон шиг гэмт хэргийн гэрч болцгоогоод байгаа. С.Зоргигийг хөнөөсөн хэргийн нягтлан шалгаж дүгнэлт гаргахаар УИХ дотроосоо түр хороо байгууллаа л юм болж байна. Хуулийнхан ажлаа хийж чадахгүй болохоор УИХ чаддагаа үзүүлэх гэж байгаа юм байлгүй. Заримдаа УИХ-ын танхим шүүх хуралдааныг санагдуулах болж. Тэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд нь улсын яллагч шиг л авирлаж харагдцаг. О.Баасанхүү гэхэд болдог юм бол шүүх хурлын дарга шиг загнах. Ер нь популистууд ихэвчлэн гадуурхагдсан хэн нэгэн юм уу, гэмт хэргийн эсрэг тэмцэгч болохыг эрмэлзэж олон түмнийг өөртөө татах стратеги аргатай тийм хүмүүс юм.

Гэтэл цаана нь Оюутолгойг дур мэдэн Дубайн гэрээнд гарын үсэг зураад худалдчихсан Ч.Сайханбилэг нарын бас Эрдэнэтийг барьцаалж “Стандарт” банкнаас зээл авсан Ш.Батхүүгийн гээд том том хэрэг бий. Энэ тухай улстөрчдийн зарим нь тийм хүчтэй ярьж чадахгүй л юм. Хэн нэг нь таяг тойруугаар алинд ч юм хамаарах болоод тэгдэг үү мэдэхгүй. Энэ зээл ганцхан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг гэж болмооргүй. Тухайн үеийн Эрдэнэтийн удирдах хүмүүс одоо “би мэдэхгүй” гэх шахуу юм хэлээд байгаа ч зээлийн мөнгө Эрдэнэтийн дансаар удаа дараа дамжиж ирсэн шиг байгаа нь нэгийг хэлэх. Одоо бас Оюутолгойн гэрээг яахав гээд л маргаад байна. Гэрээг хүчингүй болгох нь буруу гээд байгаа нөхдөөс бол тийм их баялгаа бусдад зүгээр шахуу өгчихөөд өөрсдөө өрөнд орчихоод байна гэдэг зөв юм уу гэж асуумаар санагддаг. Оюутолгойд хийсэн шалгалтын дүнг одоо хүртэл нууцалсаар байгаа.Энэ мэтээр үгэн сумаар бөмбөгдөвч үйл хэргээрээ баллагчид Монгол Улсыг урагшлуулах биш хойш л чангаагаад байгаа нь үнэн.

Популистуудын гай ийм л…


Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Д.Бичээчхүү

Илүүг харах

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Таньд санал болгоё

Close
Back to top button
Close

Adblock илэрлээ!

Уучлаарай та Adblock-г идэвхигүй болгоно уу.