С.Хүрэлбаатар: Холимог тулаан бол жинхэнэ эр хүний спорт

УБТЗ-ын 15 мянга гаруй төмөр замчны дунд бөх, сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, теннис, шагайн харваа, шатар, даам… гэхчилэн төрөл бүрийн спортоор хичээллэдэг тамирчид байдаг. Харин холимог тулаанаар хичээллэж, түүгээрээ улсдаа төдийгүй Азид амжилт гаргасан эгэл жирийн замчин нэг л бий болов уу. Тэр бол Замын III ангийн X хэсгийн замчин, холимог тулааны зүүн хойд Азийн аварга С.Хүрэлбаатар юм. Түүнтэй энэ спортод хэрхэн хөл тавьж, ямар амжилт гаргасан талаар ярилцлаа.

 -Миний бодоход холимог тулаан эрүүл мэнд төдийгүй амь насанд ч эрсдэлтэй спорт санагддаг. Гэхдээ эр хүний зориг, хурд хүч, тэсвэр тэвчээрийг шаарддаг спорт учир бахархмаар… Энэ хатуухан талбарт хэзээнээс гарч эхлэв? 

-2010 оноос хичээллэж эхэлсэн. Би 2014 оны хоёрдугаар сард Замын III ангийн X хэсэг, 31 дүгээр зөрлөгт замчнаар ажилд орсон. Тэр жилдээ шинэ ажилтан тул “Тэмцээнд оролцоё, чөлөө өгөөч” гэж чадахгүй нэг ч тэмцээнд оролцоогүй. Харин 2015 оноос хойш зарим тэмцээнд оролцож буй ч спортоо дагнаад, тууштай хичээллэж чадахгүй л байна. 

-Төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангах чухал үүрэг гүйцэтгэж буй хүний хувьд аргагүй байх. Ер нь, бэлтгэл хийх боломж гардаг уу? 

-Шугам замын хэсэгт ажиллаж байгаа болохоор бэлтгэл хийх боломж хомс л доо. Бэлтгэлийн заалгүй, дээр нь замчны ажил хүнд. Ажлынхаа хажуугаар гүйж, суниах, бичлэг үзэж техникээ давтах, хоол ундаа зохицуулах зэргээр л хувийн бэлтгэлээ хангадаг.Тэгээд тэмцээнд оролцохоос 7-14 хоногийн өмнө чөлөө аваад Улаанбаатарт ирж бэлтгэл хийдэг. Замчны хүнд ажлын ард бид хоол сайн идэж байж л гардаг юм. Гэтэл хоол их идэхээр жин нэмэгдчихдэг. Жин нэмэгдэнэ гэдэг тамирчин хүнд том дайсан шүү дээ. 

-Улаанбаатарт бэлтгэлээ хаана, хэн багшийн удирдлагад хийдэг вэ? 

-“Ширэн бээлий”, “Шандас Дожо” зэрэг клубт хийдэг. Миний багш “Чоно” холбооны дасгалжуулагч н.Энхтүвшин, “Ширэн бээлий” клубын дасгалжуулагч Х.Төрбаяр нар байна. Ер нь, бусад тамирчид байнгын бэлтгэлтэй байхад би тэмцээнээс хэдхэн хоногийн өмнө ирээд зөвхөн жин хассаар байгаад л таардаг. Тэгээд өөрийнхөө хүчээр л үздэг дээ. Уг нь, энэ төрлийн тэмцээн жилд олон болдог. Гэвч би ажлаас шалтгаалаад тэр бүрт нь оролцож чаддаггүй. Ажлаа хийж байж л ар гэрээ тэжээнэ шүү дээ. Тиймээс ажил, ар гэрээ тэргүүнд тавиад, жилд болж буй арай томоохон тэмцээнүүдийг нь тооцож байгаад ээлжийн амралтаа тааруулж, эсвэл чөлөө авч оролцдог. Манай ангийн удирдлагууд болон Г.Гансүх мастертай X хэсгийнхэн маань маш их дэмждэг. 

-Ер нь, хэр хугацаанд тасралтгүй бэлтгэл хийвэл жигдрэх вэ? 

-Дор хаяж нэг сар тасралтгүй бэлтгэл хийж л орохгүй бол хэцүү. Гэтэл би 7-14 хоног зөвхөн жин хасах хүчтэй бэлтгэл хийгээд орчихоор цуцна, амьсгаадна. Нэгэнт ажил, амьдралын нөхцөл байдал тийм хойно зохицоод л явж байна. Байнгын бэлтгэлтэй тамирчид бол өөр шүү дээ. 2013 оны улсын аваргад надад ялагдаж байсан залуус тасралтгүй бэлтгэлийн үр шимээр Ази, тив дэлхийд амжилт гаргаад, “ОNE championship” гэхчилэн томоохон холбоодод тулалдаад явж байна. Тухайлбал, Японы холимог тулааны “Rizin” холбоонд тулалдаж байгаа Б.Аззаяа гэдэг залуу бий. “MGL” холбооны 70, 77 кг-ын өнөөгийн аваргуудтай жигд өрсөлдөж, ялж, ялагдаж л явсан. Харин одоо ажлаа дагнаж хийгээд, завсраар нь спортоор хичээллэж тэмцээнд оролцдог болохоор тэднээс дутуу байгаа нь мэдрэгддэг. Ялангуяа, ялахаар хүнд ялагдчихаад сууж байхад “Зөвхөн ажлын төлөө зүтгэх хэрэг байна уу” гэж сэтгэл гонсойх үе ч бий. Гэсэн ч төмөр замдаа, хамт олондоо хайртай юм хойно ажлаа хийгээд л явж байна. Замчнаар зургаан жил ажиллаж буй болохоор цаашид ажлаас гарч, спортоо хөөнө гэх бодол төрдөггүй. 

-Гадна, дотны олон тэмцээнд орсон байх. Ямар амжилт гаргав? 

-Төмөр замд орохоосоо өмнө 2013 онд Тайландад болсон холимог тулааны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж аварга болж байлаа. Төмөр замчин болсноосоо хойш 2015 онд ОХУ-ын Буриадад Монгол, Казахстаны шилдэг 12 тамирчны холимог тулаанд аварга болсон. Мөн ондоо Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. 2018 оны зургадугаар сард Монголдоо томд тооцогдох “MGL-1″ “Fighting championship -12” тэмцээний 77 кг жинд аварга болсон. Холимог тулааны “Чоно” холбооны 77 кг жингийн таван удаагийн аварга. Энэ мэтчилэн гадна, дотны цөөнгүй тэмцээнд оролцож байна. Олон улсын тэмцээнд ялаад төрийн далбаагаа намируулаад, төрийн дууллаа сонсох, үзэгч Монголчууд уухайлах агшин үнэхээр том бахархал. Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Цаашид дэлхийн аварга болох зорилго бий. 

-Тамирчин хүнд “Тэр үед л би ялах байсан… ” гэж харамсах зүйл олон байдаг юм шиг санагддаг. Тийм харамсал төрүүлж үлдсэн тэмцээн бий биз? 

-Байлгүй яах вэ. 2017 оны наймдугаар сард БНХАУ-ын Бээжин хотод болсон холимог тулаан бий. Шилдэг найман тамирчнаас хоёрт үлдчихээд аваргын төлөөх тулаан аравдугаар сард нь байсан юм. Гэтэл Замын даргын үзлэг дөхсөн учир ажил ихтэй, бэлтгэл сургуулилт дутуугаас аваргын төлөө явж чадаагүй. 2018 онд “MGL-1” холбооны аварга болсны дараахан нь тус холбооноос “Аравдугаар сард болох 70 кг-ын аваргын төлөө тулалдах уу” гэсэн санал ирэхээр нь хүлээж асван. Тэмцээн аравдугаар сарын 26-нд байтал мөн л Замын даргын намрын үзлэг манай хэсгээр явах хуваарьтай байсан. Үргэлж л дарга нартаа “Би тэмцээнд явъя” гээд байж чадахгүй шүү дээ. Тэгсээр тэмцээнээс ес хоногийн өмнө үзлэг явж өнгөрсний дараа чөлөө авч хотод ирсэн. Жин 79 кг байдаг. Найм хоногийн дотор есөн кг хасах маш хэцүү. Дөрөв хоног юу ч идэлгүй, балга балгахан ус л уусан. Тэмцээн эхлэхэд нэг хоног дутуу байхад 1.3 кг илүү байдаг. Ам хатаад ярьж ч чадахгүй шахам болсон. Гэвч сүүлийн шөнө нь би саунд таван цаг суусан. Ус 100 градуст буцалдаг шүү дээ. Би 105 градус хүртэл суусан. Жаахан зайгаар амьсгалаад, өндийхөөр ухаан алдчих гээд л… Үе үе “Ингэж зовж байхаар больё” гэж бодогдох ч сэтгэл зүйгээрээ өөрийгөө ялна. Тэгж байж жиндээ орж, 70.00 кг-аар жингээ бүртгүүлж санаа амарсан. Өмнөх өдөр нь жин үздэг болохоор түүнээс хойш хоолыг бага багаар дасгаж байгаад чөлөөтэй идэж болдог юм. Жингээ эрчимтэй хасч оролцсон болохоор сүүлийн тэмцээндээ ялагдал хүлээсэн. 

-Замчид хүнд ажил хийдэг болохоор бяртай байдаг шүү дээ. Тэр нь бас нэг бэлтгэл болохгүй юу? 

-Бяр сууна л даа. Гэхдээ тулааны техник гэж юм бий. Замчид маань спортынх биш учир харилцан бэлтгэл хийх хүн байхгүй. Тараад л гэр гэртээ орчихно. Би ч гэртээ ороод дээр хэлсэн хувийн бэлтгэлээ хангаж эхэлнэ дээ. 

-Тэмцээнд ямар клубын нэрийн өмнөөс оролцдог вэ? 

-Монгол Улсдаа болж буй ямар ч тэмцээнд УБТЗ-ын Замын III ангийн тамирчин гэж дуудуулдаг. Миний хувьд төмөр замынхаа нэрийн өмнөөс мэргэжлийн дэвжээнд Монголдоо найм тулалдсан байна. Гадны оронд болсон мэргэжлийн дэвжээнд бол дөрвөн удаа тулалдсан. Үүнээс олон улс болон дотооддоо аваргын төлөө тулалдсаныг нь тооцож “Мэргэжлийн дэвжээнд долоо тулалдаж нэг ялагдсан” гэж явдаг. 

-Мэргэжлийнх гэхээр юугаараа ялгаатай вэ? 

-Сонирхогчийнх бол дэвжээн дээр хамгаалалттай тулалддаг шүү дээ. Харин мэргэжлийнх торон дотор, хамгаалалтгүй, бээлийтэй тулалддаг. 

-Мэргэжлийн дэвжээнд гарахдаа “Амиа алдсан ч гомдолгүй”гэж гарын үсэг зурдаг гэж дуулсан. Энэ үнэн үү? 

-Үнэн, Монголд болж буй тэмцээнд ч ямарваа нэг бэртэл гэмтэл авах, амь нас үрэгдэхэд би гомдолгүй гэж гарын үсэг зурж ордог. Ингэж ордог талаараа ар гэртээ ч хэлж байгаагүй. Ялна л гэж боддог болохоор үүнд ач холбогдол ер өгдөггүй. 

-Тамирчин хүнд бэлтгэлтэй холбоотой зардал маш их гардаг. Санхүүгээ хэрхэн зохицуулж байна даа? 

-Бэлтгэлийн хувцас, хэрэгсэл, уураг, дэвжээний төлбөр гэхчилэн зардал их гарна. Хотод ирэхэд байх айлгүй болохоор буудлын мөнгө гээд явж өгнө. Энэ бүхнийг хувиасаа л зохицуулдаг. Харин мэргэжлийн тулаанд ялалт байгуулбал гайгүй шагнал авчихдаг юм. Олон улсын тэмцээнд явахад зардлыг нь зохион байгуулагч холбооноосоо даачихдаг. Тухайн холбооноос “MGL-1” холбоонд “77 кг-ын жинд сайн тамирчнаа, тухайлбал “тэр”- ийг оролцуулах уу” гэсэн санал ирдэг юм билээ. 

-Олон улсын тэмцээний шагнал бол өндөр биз?  

-Оргил тулаанд нь ялалт байгуулахад Монгол төгрөгөөр 10 сая гаруй төгрөгийн шагнал байдаг юм билээ. Миний тулалддаг жин уг нь 70 кг.Гэтэл ажлынхаа ард гарах гэж идсээр байгаад жин нэмэгдэж, сүүлийн хоёр жилд 77 кг-д тулалдаад байна. 

-Төмөр замын нэрийн өмнөөс энэ төрлөөр тулалдаж байгаа тамирчин өөр байна уу? 

-Надтай л лав таарч, нэг тэмцээнд оролцож байгаагүй. Тэгэхээр би надаас өөр холимог тулаанаар хичээллэж, тэмцээнд оролцдог төмөр замчин байхгүй болов уу гэж боддог. 

-Ер нь, яагаад энэ спортоор хичээллэхээр болсон бэ? 

-Аав, ах нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилладаг. Би багаасаа үндэсний бөх, чөлөөтөөр хичээллэдэг байлаа. 2010 онд Говьсүмбэр аймагт “Чоно” холбоо байгуулагдахад анхных нь шавь болж орсон. Хоёр жил бэлтгэл хийгээд байтал 2012 онд Сүхбаатар аймагт холимог тулааны Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн болж, өөрөөсөө арван насаар ах, Сүхбаатар аймгийн цагдаа залуутай 66 кг-д тулалдаж ялсан. 17 насандаа ах хүнийг ялчихаад урам, зориг орсон, Ажилд орсноор холбооноосоо гарч, хувиараа бэлтгэл хийж байна даа. 

-Гэр бүлийнхэн дэмждэг үү?

 -Аав, ээж, өвөө анх дургүйцдэг байсан. Холимог тулаанд барилдана, бүх л цохилт, өшиглөлтийг зөвшөөрдөг тул нүүр, нүд рүүгээ цохиулчихна гэцгээдэг. Би ч ясны гэмтэл, хамар хугарах гээд цөөнгүй удаа бэртэж, гэмтсэн. Жин их хасахаар хамраас цус гардаг болдог. Ялсан ч бэртсэн л байдаг шүү дээ. Эхнэр Д.Ариунболор маань намайг их дэмждэг. Зарим үед хөөрхий, “Одоо боль” гэдэг ч ажлаас буугаад ирэхэд тэмцээнд явах бэлтгэлийг хангасан, хувцас бэлдсэн байдаг юм. Тиймээс эхнэртээ маш их баярладаг. Би хүү, охин хоёртой. Хоёулаа X хэсэгт төрж, өсч байна даа. Гэр бүлийнхэн маань тэмцээн үздэггүй, утсаа чагнаад л сууцгаадаг гэсэн. Би ялчихвал залгаж ярина, харин ялагдвал ярихгүй /инээв/.Ялагдана гэдэг маш том сэтгэлийн дарамт, харамсал ирнэ шүү дээ. Ард үлдсэн бүхэн надад найдаж байсан. Ялангуяа, ажлаас чөлөө өгч, намайг дэмжиж явуулсан хамт олныхоо өмнө ялагдал хүлээгээд очиход хэцүү. Дараагийн ялалт хүртэл бодогддог юм. 

-Таньдаг найз, зсвэл нэг дэвжээнийхээ тамирчинтай тулалдах, огт танихгүй хүнтэйгээ тулалдах хоёр өөр биз? 

-Би таньдаг хүнтэй таарвал ширүүн үзэж чаддаггүй байсан. ОХУ-д болсон тэмцээнд н.Бат-Эрдэнэ гэдэг таньдаг залуутай нэг жинд тулалдахаар, нэг вагонд явсан юм. Тэгээд хоёулаа алт, мөнгийг нь авах талаар ярилцаад л… Гэтэл бид хоёр гурав дахь тулаан дээр хоорондоо таарчихсан. Өмнө нь, хамт бэлтгэл хийж байхад би арай илүү байсан болохоор “Би ялчих байх, гэхдээ гадны оронд нэгийгээ гэмтээчихнэ, зөөлөн л үзье” гэж бодоод зөөлөн тулалдтал миний бодсон н.Бат-Эрдэнэ биш байна. Тэр С.Хүрэлбаатар гэдэг найзтайгаа биш, зүгээр л нэг тамирчинтай тулалдаж, ялах ёстой гэсэн сэтгэл зүйтэй байж. Харин би найз минь гэсэн бодолтой. Гэхдээ би ялсан л даа. Түүнээс хойш “Таньдаг хүн, найз” гэж бодож болохгүйг ойлгосон. Дэвжээнээс буугаад л найзална биз /инээв/. Ер нь, холимог тулаан бол жинхэнэ эр хүний спорт гэж боддог. 

-Өөр төрлийн спортоор хичээллэж, тэмцээнд ордог уу? 

-Үндэсний бөхөөр 2013 онд 18 настайдаа Говьсүмбэр аймагтаа тойргоор барилдаж сумын начин, 2016 онд Бор-Өндөр суманд заан цол хүртсэн. Сүүлийн гурван жил үндэсний бөхөөр барилдсангүй. Мөн тулааны Ушу, сандэ бокс, Мутай бокс, Кикбокс, бокс гээд бүх төрлөөр нь улсын аваргад оролцож байсан. 2016 оны Ушу сандэ боксийн олон улсын тэмцээний мөнгөн медальтай. Мөн өнгөрсөн жил Улаанбаатар хотод болсон Жижицү бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 77 кг жинд УБТЗ-ынхаа нэр дээр орсон. Дүрмээ мэдэхгүй болохоор бичлэг үзэж байгаад, Дорноговь аймгийн жижицү бөхийн клубт очиж нэг орой бэлтгэл хийгээд л орчихсон юм. Тэгсэн хоёр ялаад, 084 дүгээр ангийн нэг залууд ялагдсан. Сүүлийн ялагдсан тэмцээндээ ганц л юм хийчихсэн бол ялах байж дээ гэж харамсдаг. Уг нь, би өөрийгөө илүү байна гэж бодоод байсан юм. Гэтэл шүүгчийн зүгээс нөгөө талд ялалт заасан. Миний техник жаахан буруу байж л дээ. Өнөө жил зургадугаар сард болох сурагтай байна лээ. Орох санаатай байгаа. Мөн “Чоно” холбооны аваргын бүсний төлөө ирэх тавдугаар сард тулалдахаар болсон.

-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашид УБТЗ-ынхаа нэрийг улс орондоо гаргаад зогсохгүй тив, дэлхийн аварга болоорой!

М.Наранболд

Эх сурвалж: “Ган зам” сонин

Илүүг харах

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close

Adblock илэрлээ!

Уучлаарай та Adblock-г идэвхигүй болгоно уу.