Амжилтын нууц: Карлос Слим

Дэлхийн хамгийн баян хүн Карлос Слимийн амжилтад хүрсэн нууц

Дэлхийн хамгийн баян хүн Карлос Слим Хелугийн намтрыг энэ удаагийн амжилтын “нууцаар” онцолж байна. Хүч хөдөлмөр, шаргуу зан, мэдлэг чадвар, итгэл найдвар, зорилгодоо хүрэх эрмэлзлэлээрээ түүний намтар нэн сонирхолтой. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг түүний амжилтын нууц юунд байв. Ийм амжилтад хүрэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ, эд баялаг алдар нэрийн тавцан дээр гарахын тулд өөртөө ямар чанар, дадaл зуршил бий болгож хөгжүүлэх хэрэгтэй вэ гэх мэт асуултад түүний үйл хэрэг хариулт өгдөг.

Карлос Слим Хелу 1940 оны нэгдүгээр сарын 28-нд Мехикод төржээ. Карлос Ливанаас цагаачилж ирсэн христос шашинт гэр бүлийн таван хүүхдийн дөрөв дэх хүүхэд болон мэндлэжээ. Карлосын эцэг Ливанаас 14 настайдаа Мексикт ирсэн аж. Тэр Испани хэлээр “A” ч мэдэхгүй ганцаардаж байсан ч урам зориг эрч хүч, амьдралд хэрэгжүүлэх олон сайхан санаа дүүрэн байв.

Слимын гэр бүлийнхнийг баяжихад юу туслав

Дон Хулиан Слим нэртэй бизнесмен төдийгүй, гэр бүлийн үлгэр жишээ эцэг байлаа. Үр хүүхдээ хөдөлмөрт дуртай, хүндэтгэлтэй, сэтгэл зүйн үнэт зүйлсэд дуртай болгож хүмүүжүүлж чадсан үлгэр жишээ аав байв. Хожим Карлос Слим Хелугийн аав Ливаны худалдаа үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийн албан тушаалд дэвшин, Мексикийн эдийн засгийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан тул энэ орны иргэний эрх олж авчээ. Дон Хулиан Слим бүх хүүхдүүдээ гэр бүлийн доторх харьцаа бол амьдралын нэг чухал суурь давуу тал гэсэн ойлголтыг өгч чадсан юм. Учир нь гэр бүлийн харьцааг чинээлэг амьдралын өсөлтийн үндэс суурь нь гэж үздэг. Чухамхүү гэр бүл л тавьсан зорилгодоо хүрэх асуудлын учир шалтгаан болдог юм. 

Анхны хөрөнгө оруулалт

Mandatory Credit: Photo by Keystone USA / Rex Features Carlos Slim Helu, founder and Honorary Chairman for life of Grupo Carso, in his office in Mexico City – 15 SEP 2003 Mexican financier Carlos Slim Helu

Ирээдүйн хамгийн баян хүн маань эд баялагаа нэмэгдүүлэх анхны хичээлүүдээ бүр бага балчир насандаа үзжээ. Эцэг нь хүүхэд бүртээ дэвтэр өгч тэднийг өөрийн зарлага, орлогоо бичиж байхад сургажээ. Дараа нь тэд бүгдээрээ цуглан бичсэн зүйлээ хэлэлцэн хүн бүрийн хөрөнгийн хэмжээг тооцон судалгаа хийдэг байв. Энэ хялбархан дүрмийн ачаар Дон Хулиан Слимын хүүхдүүд өөрийн санхүүгийн хэргийг хөтөлж эд баялагын эх үүсвэртэй болжээ. Чухам тэр үеэс л хадгаламж ба хөрөнгө оруулалт залуу Карлосын амьдралын нэн чухал хэсэг болов. Харин анхны хөрөнгө оруулалтын туршлагаа тэр 12 настай байхдаа “Banco Naciona de Mexico”-ийн хувьцааг худалдаж авах данс нээлгэн эхэлжээ. Карлос Слим Хелугийн эцэг нь 1953 онд түүнийг дөнгөж 13 настай байхад зуурдаар нас барсан юм. Энэ нь бяцхан хүүд асар их шаналан байлаа.

Хямрал санаснаас аймшигтай биш

Тэр 1966-1980 оны хооронд хэд хэдэн компани байгуулж бас хэдэн том үйлдвэрийн газрыг худалдан авчээ. 1982 онд Мексик даяар санхүүгийн хямрал нүүрлэж өөрийн өр зээлээ барагдуулах чадваргүй болсон хөрөнгө оруулагчид энэ орныг яаравчлан орхиж өөрийн оруулсан хөрөнгөө татан гаргаж эхлэв. Тэргүүлэх томоохон компаниудын хувьцааны үнэ унаж, эхэлсэн нь Карлос Слимд шинэ компаниудыг сул үнээр худалдан авч өөрийн эзэнт гүрнийг тэлэх боломж олгон түүнийг Мексик даяар алдартай бизнесменуудын нэг болгов. 1990-ээд оны эхээр “Carso Group”-ын бүрэлдэхүүнд уул уурхайн олборлолт, металлургын болон химийн үйлдвэрүүд багтаж, банкны, худалдаа үйлчилгээний болон зочид буудлын бизнес эрхэлж байлаа. Мексикийн хямрал Карлосын хувьд өөдөлж өндийх цаг үе нь байлаа. Үүнээс үүдэн хямрал ч бас сайн юм гэсэн дүгнэлт хийж болох нь.

Карлос Слим дэлхийг эзэгнэх нь

Энэ үед дэлхийн ирээдүйн хамгийн баян хүн маань зөвхөн Мексик орны хүрээнд бизнес эрхлэх нь давчуу санагдаж олон улсын зах зээл рүү гарахаар шийдэв. “Grupo Carso” нь олон нийтийн компани болж өөрийн анхдагч хувьцааг (IPO) байршуулж эхлэв. Өөрөөр хэлбэл хүссэн бүхэн компанийн хувьцаа эзэмшигч болж компанийг хэсэгчлэн авч болно гэсэн үг юм. 2000 оны үед Карлос Слим хоршоолол,  харилцаа холбооны салбарт нөлөөгөө өргөтгөж эхэлсэн. Хоршооллын үндсэн эргэлтийн хөрөнгө нь Латин Америкийн концерциум дахь “America Movil” үүрэн холбооны операторын хувь болон “Inbursa” санхүүгийн компанийн хувьцаа юм.

2002-2007 онд сеньор Карлос Слим бүх Латин Америкийн харилцаа холбооны компаниудыг үргэлжлүүлэн худалдж авсаар байв. Тэр Бразил, Перу, Гондурас, Аргентин, Колумби, Сальвадорийн эргэлтийн хөрөнгийг худалдан авчээ. 2008 онд Слим “Citibank” ба “The New York Times” сонины багахан эргэлтийн хөрөнгийг худалдан авсан байна. Мэдээллээс үзэхэд бизнесмен хямралын байдалд орсон буюу хямдхан үнэлэгдсэн эргэлтийн хөрөнгийг худалдан авч сайжруулаад цааш нь дамлан зардаг ажээ.

Карлос Слим, Билл Гейтс, Уоррен Баффет нарын хэн нь илүү вэ?

2002 онд Карлос Слим “Форбэс” сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад анх оржээ. Түүний хөрөнгө 11 тэрбум еврогоор үнэлэгдэж байж. Харин 2006 онд тэр 30 тэрбум ам.долларын хөрөнгөөр Уоррен Баффет, Билл Гейтс хоёрын дараа жагсаалтын 3-рт бичигдсэн байна. 2007 онд “Fortune” сэтгүүл Карлос Слим Хелуг дэлхийн хамгийн баян хүн гэж анх мэдэгдсэн боловч “Форбэс” сэтгүүлийнхэн энэ саналыг дэмжээгүй татгалзсан юм. Харин 2010 оны эхээр компанийн үйл ажиллагаа сайжирсны үрээр Карлос Слим “Форбэс” сэтгүүлийн чансаагаар дэлхийн хамгийн баян хүн болж түүний хөрөнгө 53.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Түүний араас Билл Гейтс 53 тэрбум ам.доллараар удаалсан аж. Мөн 2011, 2012 оны жагсаалтыг ч тэргүүлж байгаа бөгөөд түүний нийт хөрөнгийн хэмжээ нь 74 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

Дэлхийн хамгийн баян хүний хэлсэн сонгодог гурван хэллэг

-Баялаг бол модыг нь биш үр жимсийг нь хурааж авах ногооны талбай
-Ихэнх хүмүүс үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө дэлхийг өөрчлөх гэж хүсдэг. Би бол дэлхийд үйлчлүүлэх гэж үр хүүхдээ сайн сайхан болгох гэж оролддог
-Амьдралынхаа хамгийн хөнгөн сайхан цаг үед ч аливааг хэтрүүлэхээс зайлс хийж яв, тэгвэл хамгийн хүнд хэцүү үед ч хэвийн тогтонги байдлыг хангаж өгнө

Гэр бүл бүхнээс чухал

Слим Хелу бэлэвсэн эр хүн. Түүний гэргий 1999 онд зургаан хүүхдээ үлдээгээд нас барсан юм. Хамгийн том нь Карлос Слим Долиот одоо “Carso Group”-ын захирлуудын зөвлөлийг тэргүүлж байна. Бусад хөвгүүд болох Марко, Антонио, Патрик, нар эцгийнхээ бизнесийн ажилд гар бие оролцож байна. Карлос Слим Хелу өөрийн гэр бүлд маш чухал олон зүйлийг оруулсан хүн. Гэхдээ мөнгө биш. Тэр гэр бүлийн бүх гишүүдэд гэр бүлийн харьцааны үнэ цэнийг мэдрүүлж, бие биеэ хайрлах хүндлэх хүмүүжлийг олгосон.

Карлос дэлхийн баян хүмүүсийн нэгэн адил, өглөг буяны ажилд гар татаад байдаггүй нэгэн. Латин Америкийн хөгжилд ойрын үед маш хүчтэй урам өгч магадгүй. Дэлхийн хамгийн баян эр маань боловсролын болон нийгмийн тусламжид асар их хөрөнгө хаядаг. Ер нь ажил үйлс нь өөдрөг амжилттай яваа хүмүүс өөрийн амбиц, хүсэл хяслаа хангахаас илүүтэй даяаршлын зорилго тавьж байдаг. Өөрийнхөө өмнө эх дэлхийн сайн сайхны төлөө, хожим хойч үеийнхэн талархан дурсахаар сайн үйлсийн ул мөр үлдээх зорилго тавьж явахыг эрхэмлэх нь чухал юм.

М.МӨНХТУНГАЛАГ

Илүүг харах

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close

Adblock илэрлээ!

Уучлаарай та Adblock-г идэвхигүй болгоно уу.