Г.Оюунчимэг: Эзнийхээ энергиэр цэцэг нь ургадаг

Та бүхнийг цэцэгчин бүсгүй Г.Оюунчимэгтэй танилцуулах гэж байна. Тэрээр гэрээрээ дүүрэн цэцэг тарьж, цэцэрлэгт хүрээлэн мэт тохижуулсан нь нүд баясгам бөгөөд өрөө, тавилгаа цэцгэн мандалд хучсан нь үнэхээр содон байв.

Би таны хөтөлдөг “Цэцэгчин ээжүүд” пэйж хуудсыг дагадаг. Гоё цэцэгсийн зураг оруулдаг нь ийм учиртай байж…


-Баярлалаа. Би бага байхаасаа л цэцэгсийн дунд тоглож өссөн хүн. Аав, ээж маань байшингийнхаа цонхыг дүүртэл нь өнгө өнгийн цэцэг алаглуулан тарина. Түүнийгээ яг л хүүхдүүд шигээ арчилна, хамгаална. Нутаг нугынхан ч “Ганбаагийн гэр яг л цэцэг алагласан хөдөө шиг” гэж үнэлж, даган дуурайна бас зөвлөгөө авна. Энэ бүхнийг харж өссөн хүн өөрийн эрхгүй л цэцэгт татагдаж, дурлачихдаг юм байна.

Тэгээд л цэцэгчин болж…

-Тийм ээ. Үндсэн ажил нь өдөр тутмын “Үндэсний шуудан” сонины сошиал, медиа, хүний нөөц хариуцсан менежер, сонирхол дагасан ажил нь цэцэгчин. Аав, ээждээ цэцэг тарихад нь тусалж, голын эрэг эсвэл ой модноос хөрс зөөж, борооны ус тосож өссөн надад цэцэг тарина гэдэг дадал болчихсон ажил. Гэтэл хотод оюутан болж, оюутны байр, айлын хажуу өрөө, нийтийн байр түрээсэлж амьдарсан надад цэцэг тарих нөхцөл бололцоо нь бүрдэж өгсөнгүй. Айлын хажуу өрөөнд амьдарч байж ямар цэцэг, жимс тариад байлтай биш. Гурван жилийн өмнөөс л ипотекийн зээлээр энэ байрандаа орж, өөрийн хүсэл сонирхлоороо цэцгээ тарьж эхлээд байгаа нь энэ. Шинэ байрандаа хамгийн түрүүнд мөнгөний мод, тариан түрүү худалдаж авсан. Би нэг их шашин шүтээд байдаггүй ч цэцгийн бэлгэдэл, энергид нь итгэдэг. Өнөөдөр манай монголчууд агаарын бохирдол их байна, утаа ихэслээ гэж ярьдаг шүү дээ. Үүнээс уушгиа хамгаалах найдвартай арга нь гэртээ болон албан тасалгаандаа цэцэг тарих явдал. Хөрөнгө санхүүгийн хувьд ч тийм их зүйл шаардахгүй. Зарим хүн цэцгийг гэрийнхээ сувинер мэтээр боддог тал бий. Агаар цэвэршүүлж, гэрийн өнгө үзэмжийг сайжруулахаас эхлээд хүний эрүүл мэнд болоод хүүхдийн хүмүүжилд цэцгийн нөлөө асар их.

Тухайлбал?
-Ургамлын ногоон өнгө нь хүний мэдрэлийн систем, нүдний ядаргааг арилгаж тайвшруулна. Мөн тасалгааны агаарыг чийглэг байлгаж, хиншүү сорж, цахилгаан хэрэгслүүдийн соронзон долгионы үйлчлэл, хорт туяаг өөртөө шингээж, элдэв нянг ч устгах чадалтай. Яах вэ, эзнийхээ энергиэс хамаарч сайн, муу ургадаг гэж ч бас ярьдаг.

Таны гэр хүлэмжид хэдэн төрлийн цэцэг байна вэ?
-Хорь орчим төрлийн цэцэг байна.

Энэ ягаан дэлбээтэй цэцэг нь Нил байх аа. Та цэцгүүдийнхээ ач тусын талаар мэдээлэл өгөхгүй юу?


-Нил цэцэг бол гэрэл их шаарддаг ургамал бөгөөд мөнхийн хайрын бэлгэдэл. Айл өрхийг хэрүүлгүй, тайван амгалан амьдрахад тусалдаг гэдэг. Унтаахай хатан буюу аз жаргалын цэцэг нь сайхан хайртай учрахыг бэлгэдэж, годонхой буюу эрчүүдийн цэцэг нь эр хүнд эрч хүч өгч, өвчин зовлонг нь анагаана гэж үздэг. Годонхой цэцгийг нарны гэрэлд төдийлөн байлгадаггүй, зөвхөн шүрших хэрэгтэй. Бас нөмөргөнө хэмээх эмэгтэйчүүдийн цэцэг байна. Түүнийг ургуулахад хэцүү биш. Хамгийн гол нь өдөр бүр шүршиж, хавар цагт хөрсийг нь сольж байх нь зөв. Мэдээж эмэгтэйчүүдийн цэцэг гэдэг утгаараа гэрлэж амжаагүй бүсгүйг ханьтай болоход нь тусалдаг, хүүхэдгүй айлд үр заяадаг, энэ цэцэг байгаа айлд ойлголцол байдаг гэж ном зохиолд бий.

Зузаахай олон байна шүү?

-Тийм ээ. “Цэцэгчин ээжүүд” пэйж хуудсаараа дамжуулан цэцэг худалдан авахыг хүссэн иргэдэд хүргэлтээр үйлчилдэг. Тэгэхэд залуусын авч байгаа цэцгийн багагүй хувийг зузаахай буюу хүүхдийн цэцэг эзэлдэг юм. Хүүхдэд ээлтэйгээс гадна түлэнхий, улайлтад навчийг нь бага зэрэг зөөлрүүлээд тавихад сайн нөлөөтэй. Харин цэцэглэлтийн хувьд жаахан удаан. Цэцэглэчихсэн хойноо бол маш үзэсгэлэнтэй. Дөнгөж цэцэг тарьж үзэхийг хүсэж байгаа хүн бол зузаахай тарихыг зөвлөж байна. Арчилгаа багатай. Наранд удаан байлгавал навч нь түлэгдэж, сүүдэрт удвал иш нь сунаж ургах гээд байдаг талтай. Түүнээс арчилгаа харьцангуй бага.

Өөр нэг онцлог цэцэг бол гоодаль.

Гоодаль цэцэг эмэгтэй хүний гоо сайхны бэлгэдэл. Гэр бүлийн аз жаргалын цэцэг гэх нь ч бий. Баяр баяслын энерги ялгаруулдаг уг цэцэг нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Олон эмэгтэй ажилладаг байгууллагад тарихад сайн энерги цуглуулж, орчны уур амьсгалыг таатай болгодог. Бас хайтан цэцэг байна. Гоёл чимэглэлийн ургамлуудаас хамгийн гоёмсог нь. Дулаахан, сүүдэрлэг газар байрлуулбал тохиромжтой. Хайтан нь 40-60 см буталж ургах бөгөөд жижиг цагаан цэцэг гардаг. Хар шороон холимог хөрсөнд ургалт нь илүү сайн. Долоо хоногт 2-3 удаа хөнгөн усалж, 14 хоногт нэг удаа бордож, сийрэгжүүлэх хэрэгтэй. Мөчрийг нь үндэслүүлж, ургуулж болно. Харин таны харж байгаа цахирмаа цэцэг нь зарим цэцгийг бодвол гэрэл, дулаан орчинд илүү дуртай байдаг. Гэхдээ мэдрэмтгий учир усалсны дараа наранд тавивал навчинд түлэнхий үүсэж, үхэх аюултай. Мөн хөрс бордоог ихдүүлэхэд хатаж, унждаг учраас зориулалтын өөрт таарсан бордоог авч хэрэглэвэл илүү удаан насална.

Таримал цэцгийг анх худалдаж авахдаа юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Навч бүгд эрүүл өнгөтэй, зөв хэлбэртэй ургасан байх, навчны таваг зөв дугуй хэлбэртэй байх, аль болох олон цэцгийн булцуутай цэцэг сонгох хэрэгтэй.

Арчилгааны тухайд?
-Арчилгаанд усалгаа, гэрэл тохируулах, хэлбэржүүлэн тайрах, бордоо зэрэг хамаарна. Тэр дундаас усалгаа бол бүх арчилгааны эхлэл байдаг. Ихэнх тасалгааны ургамлын усалгааг намрын сүүл сараас эхлэн багасгаж, хаврын эхэн сараас дахин нэмэх хэрэгтэй болдог. Тэгэхээр хавар, намрын цагт цэцгийг өглөө, оройдоо тогтмол услах хэрэгтэй. Услахын өмнө эхлээд хөрсөө тэмтэрч үзээрэй. Өнгөн хөрс хатсан мөртлөө нэг сантиметрийн гүнд чийг мэдрэгдэж байвал услах шаардлагагүй. Харин чийг мэдрэгдэхгүй өнгөн хөрс хатсан тохиолдолд цэцгийг ёроолд нь ус тунатал услах хэрэгтэй. Ингэхдээ содатай ус, эсвэл өндөг болон гоймон чанасан усыг хөргөөд ургамлаа усалбал ургалтад сайнаар нөлөөлж тэжээл өгдөг. Харин хүйтэн ус нь цэцгийг ургуулахгүй, хөрсийг өвчлүүлдэг тул аль болох тасалгааны температуртай ижил хэмтэй усаар усална. Мөн цэцгийнхээ хажууд савтай ус тавих юм уу, цэцгийн навчийг шүршиж чийглэж байх хэрэгтэй. Гэхдээ үсэрхэг, зузаан навчтай цэцгийг шүршдэггүй. Навчийг зөөлөн шүршүүрт угаах нь үзэмж болон ургалтад сайнаар нөлөөлнө. Үслэг навчтай ургамлуудыг бол усаар цэвэрлэж болдоггүй. Миний хувьд худалдан авагч нартаа зориулж бүх цэцгээ тайлбар, арчилгаатай нь хэлж өгдөг.

Үрсэлгээгээ Өвөрхангай аймгаас авчирдаг гэсэн үү?
-Би Өвөрхангай аймгийн Уянга сумынх. Аав, ээж маань одоо ч гэсэн өнөөх л янзаараа цэцгээ тарьж, түүнээсээ эрч хүчээ авч байна.

Нялх биетэй байж үнэхээр олон ажил амжуулах юм аа…
– Хүн дуртай ажлаа хийхэд ядарч цуцдаггүй юм байна. Хүүхдүүдийнхээ унтах цагаар бүхнийг амжуулна шүү дээ. Ээж бүхэн л тийм байдаг байх. Багаасаа л цэцэгсийн дунд өссөн болохоор энэ тийм хүнд ажил шиг санагддаггүй.

Таны мөрөөдөл?
-Цэцгийн дэлгүүртэй болох. Байгалийн үзэсгэлэнтэй цэцэгсийн хөндийгөөр явж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх тийм л дэлгүүртэй болохын төлөө хичээнгүйлэн ажиллаж явна.

“Соёмбо” сонин, дэслэгч Д.Болор

Илүүг харах

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close

Adblock илэрлээ!

Уучлаарай та Adblock-г идэвхигүй болгоно уу.