БАРУУНШ ЗОРЧСОН ҮЛГЭР /5/

ТАВДУГААР БҮЛЭГ:

 


 

ӨЛЗИЙТ ТООРЫН ХУРИМЫГ ТҮЙВЭЭРҮҮН ИХ БОГД ҮРЭЛ ХУЛГАЙЛАВ

ӨРЛӨГ ТЭНГЭРИЙН ОРДНООС УРВАРУУН ОЛОН ХУВИЛГААН ШУЛМАСЫГ БАРИВ

 

Өгүүлэх нь тэнгэртэй чацуу их богд уул нь шулам тул зэрэг тушаалын дээр дорыг ялгахгүй бөгөөд цалин пүнлүүний олон цөөнийг үл ойшоомуй. Гагцхүү эсэруа тэнгэрийн данснаа нэр орсонд сэтгэл ханан суумуй. Хоёр яамны хувилгаан түшмэд түүнийг өглөө үдэш асран эмсэглэж аху тул өдөртөө цадтал гурван цагийн цав зооглож, шөнөдөө ханатал нойрсохоос өөр явдал үгүй, тааваараа сууж, дураараа зугаацмуй. Сэлүү цагтаа ордон харшаар тойрон хань нөхөр эрж, анд барилдан ах дүү бололцмуй. Гурван ариун лугаа уулзваас: “Өтгөс” хэмээж, дөрвөн эсрүн тэнгэр лүгээ учирваас “Эзэн” хэмээмүй. Есөн гариг, таван орны баатар, хорин найман од, дөрвөн махаранз, арван хоёр эрхтэн, таван орны эзлэгч зэрэг тэнгэрийн олон одон гариг, эрхтэн хувилгаан лугаа ах дүүгийн ёсоор явалцаж, өдөр бүр сэлгүүцэн зугаацаж өөд уруу үүл хөлөглөн эчиж, ирэх үл мэдэгдмүй.

 

Нэгэн өдөр хаан хурмаст харшид гарсанд Сожамян хэмээх хувилгаан урагш давшин мөргөж айлтгаруун: “Өдгөө тэнгэр лүгээ чацуу их богд өдөр бүр хийх явдал үгүй сэлгүүцэн тойрч тэнгэрийн олон одон гаригтай найзлан нөхөрлөж, дээд доодын ялгалгүй цөм ах дүү хэмээлцмүй. Ийн агсаар хэрэг гарах болуузай. Харин түүнд нэгэн явдал даалгаваас сайн болой. Хурмаст сонсоод зөвшөөгөөд төд зарлиг буулгасанд бичин ван баярлан хүрч ирээд өгүүлрүүн: “Хаан эзэнтэн өвгөн Сүн намайг дуудсан нь ямар хайр хишиг байх вэ?” Хурмаст өгүүлрүүн: “Мөхөс миний бие үзвээс өдгөө чамд хийх явдал үгүйн тул нэгэн явдал тушаасугай. Өдгөө чамаар Өлзийт тоорын хүрээлэнг хамааруулсугай. Өглөө үдэш хичээн харгалзтугай.” Их богд маш баясан хишигт талархан За хэмээн мэхийсхийгээд гарч одов.

 

Их богд яаран энэ тэрийг хүлээлгүйгээр Өлзийт тоорын хүрээлэнд байцааж үзэхээр орохуйяа хүрээлэнгийн савдаг хөндөлсөн асууруун: “Их богд хаа одмуй?” Их богд өгүүлрүүн: “Би хурмаст хааны зарлигаар Өлзийт тоорын хүрээлэнг эрхлэн хамаарахын тул байцаахаар ирлээ.” Тэр савдаг яаран ёсолж, өвс арчих, ус зөөх, мод засах, хүрээ шүхэрдэх хүчтэн нарыг цөм дуудан авчирч, их богдод мөргүүлээд дотогш удирдан оруулав. Үзвээс: мод бүр цэцэг дүүрэн дэлгэрч, мөчир бүр жимс дүүрэн суужээ, ал улаан цэцэг нь энгэсэг шунх түрхсэн адил, анхилам том жимс нь алт шүрэн бөмбөг дүүжилсэн мэт. Цаг бүр цэцэглэн жимсэлж мянган жилд боловсрон улирал бүр урган үрлэж, түмэн он амьдармуй. Ал улаан өнгөтэй, анхилам сайхан үнэртэй нь урьд ургасан жимс болой. Оюун ногоон өнгөтэй усархаг шүүсэрхэг байгаа нь хожим боловсрох жимс болой. Энэ униар татахуйяа оюун чимэг зүүж, наран тусахуйяа бадмаараг титэм татмуй. Модны ёроолд үүрд үл зулгарах гайхамшигт цэцэг мөнх өвс ургажээ. Өрнө дорно этгээд дэх өндөр асруудын оройгоор үүл ороожээ. Эдгээр жимсийн модыг Исэл балгасны эгэл үрээр тарьсан нь бус, эрдэнэ хасын нуурын нэвс хүрз эх гараараа суулгасан ажгуу.

 

Эх богд удтал бахархан хараад савдагаас асууруун: “Энэ мод хэдий байх вэ?” Савдаг өгүүлрүүн: “Бүгд гурван мянга зургаан зуу бий. Өмнөх мянга хоёр зуун модны цэцэг нь бага, жимс нь жижиг, гурван мянган жилд нэг удаа боловсорч, хүн түүнийг идвээс харш хувилгааны хутгийг олж бие чийрэгжин, гавшгай болмуй. Дундахь мянга хоёр зуун мод болбоос цэцэг нь давхар жимс нь амттай, зургаан мянган жилд нэг удаа боловсорч, хүн түүнийг идвээс нисэн дэгдэж чадах болоод мөнхийн шидийг олмуй. Хойдох мянга хоёр зуун мод хүрэн судал, шаргал цөмөөтэй, есөн мянган жилд сая нэг удаа боловсорч, хүн түүнийг идвээс тэнгэр газартай чацуу урт насалж, наран саран лугаа адил мөнхөрмүй.” Их богд сонсч тэсгэлгүй баярлан мөн өдөртөө модыг тоолж, орд харшийг байцааж үзээд ордондоо буцав. Үүнээс хойш дөрөв таван өдөрт нэг удаа ирж зугаацах болсноор хань найз эрж гадагш тойрохоо болив.

 

Нэг өдөр тэр хөгшин модны тоорын олонх нь боловсорсныг үзээд амталж үзсүгэй хэмээн бодовч савдаг, хүчтэн хийгээд тэнгэр лүгээ чацуу ордны түшмэд салалгүй даган явах тул яг зав чөлөө олдохгүй. Гэнэт нэгэн арга олж, “Та нар хаалганы гадна гарч түр хүлээгтүн. Би дэгдийн дотор баахан амсхийсугай.” Хэмээсэнд тэд цөм гадна гарав. Бичин ван дээл хувцсаа тайлж, модон дээр авиран гарч сайтар боловсорсон том тооруудыг нэжгээд түүн авч модон салаан дээр сууж цадтал идээд сая бууж ирэн дээл хувцсаа өмсч олноо дагуулан хэвээр ордондоо буцав. Үүнээс хүйш хэдэн өдөрт нэг удаа одож, арга гарган тоор хулгайлан идмүй.

 

Нэгэн өдөөр нэмс хүрз эх эрдэнийн харшийг нээн хасын нуурт “Өлзийт тоорын ялгуусан хурим” хийх болоод улаан дээлт дагина, цагаан дээлт дагина, хар дээлт дагина, ягаан дээлт дагина, шар дээлт дагина, ногоон дээлт дагинад цэцэгт сагс бариулан Өлзийт тоорын хүрээлэнгээс тоор түүж авчир хэмээн илгээв. Долоон хувилгаан дагина тоорын хүрээлэнгийн хаалганд хүрч үзвээс савдаг хүчтэн нар тэнгэртэй чацуу ордны хоёр яамны түшмэд цөм хаалга сахиж байхыг үзээд урагш давшин, “Бид Нэвс хүрз эхийн захлигаар хурим хийхэд хэрэглэх тоор түүхээр ирлээ.” хэмээсэнд савдаг өгүүлрүүн: “Хувилгаан дагина түр энд хүлээж бай. Энэ жил урд жил лүгээ адилгүй болжээ. Хан хурмаст тэнгэр лүгээ чацуу их богд бээр эндэхийг хамааруулж баймуй. Тэр их богдод мэдүүлсний дараа сая хаалгыг нээж болмуй. Долоон хувилгаан дагина асууруун: “Их богд хаана буй?” Савдаг өчрүүн: “Их богд алжаан, ганцаараа, дэгдэд нойрсож амуй.” Хувилгаан дагина нар өгүүлрүүн: “Тийн бөгөөс түүнтэй уулзсугай, алгуурлаваас үл болмуй.” Савдаг төд хувилгаан нартай хамт хүрээлэнд орж, дэгдэд хүрч үзвээс дээл хувцас нь баймуй. Бие нь үгүй, хааш одсоныг мэдэхгүй, газар бүр эрээд олсонгүй. Үзвээс тэр их богд харин нэг зэрэг наадан хэд хэдэн тоор идээд хоёр ямхын төдий хүн болон хувилж, бүдүүн модны салаа дээр, навчны сүүдэрт унтсан ажгуу. Долоон хувилгаан дагина ийн өгүүлрүүн: “Бид зарлигаар ирсэн бөлгөө. Их богдыг эрж эс олов. Одоо ямар аймшиггүйгээр хоосон буцмуй?” Хувилгаан түшмэд өгүүлрүүн: “Хувилгаан дагина нар нэгэнт зарлигаар ирсэн тул алгуурлаж үл болмуй. Их богд ерөөс зугаацаж дадсан тул гадна гарч нөхөр ханиа эрээр одсон буй за. Та нар эчиж тоороо түүтүгэй. Бид та нарын өмнөөс хэлсүгэй.” Хувилгаан дагина нар үгийг дагаж, дотор ороод өмнөх модноос хоёр сагс тоор түүгээд, дундахь моддоос гурван сагс тоор түүж, хойдох модонд хүрч үзвээс хэдхэн түүхий тоор буй. Боловсорсныг нь цөм бичин ван түүж идсэн бөлгөө. Долоон хувилгаан дагина ийш тийш ажиглаваас урагш хандсан нэгэн салаан дээр унтаж байсан их богд цочиж сэрээд уг биеэр болж, чихнээсээ алтан толтот бэрээгаа гаргаж сажин аяган чинээ бүдүүн болгож зардран: “Та нар аль газрын шулам бэ? Аймшиггүй энд ирж миний тоорыг хулгайлмуй?” хэмээсэнд долоон хувилгаан дагина цөм гэлмэгдэж сөгдөн мэдүүлрүүн: “Их богд бүү хилэгнэ, бид шулам бус, нэвс хүрз их эрдэнийн харшийг нээн, “Өлзийт тоорын ялгуусан хурим” хийхийн тул тоор түүхээр ирсэн долоон дагина бөлгөө. Саяхан савдаг нартай уулзаж их богдыг эрээд олсонгүй тул бид Нэвс хүрз эхийн зарлигийг алгуурлахаас эмээн их богдын хүрч ирэхийг хүлээлгүй урьдаар тоорыг түүв. Манай ялыг уучлахыг гуймуй.” Их богд сонсоод хилэн намхарч, инээн өгүүлрүүн:   “Хувилгаан дагина нар босогтун. Нэвс хүрз эх хурим хийхдээ хэн хэнийг урих вэ?” Дагина нар өгүүлрүүн: “Хуримын хуучин журмаар урих нь баруун хязгаарын бурхан Бодисадва, арш Архад, өмнө хязгаарын Хомсим Бодисадва, зүүн хязгаарын аврал дээд их богд, арван хойг гурван арлын арш хувилгаад, хойд хязгаарын хар Манзушири, дундад орны шар шамбал, жич таван удирсадын эзэн, дээр наймадын гурван ариун, дөрвөн эсрүн, эрхт хувилгаад, дундад наймадын хаан хурмаст, есөн сүлд, далай хайрханы хамаг сахиулсан, дор наймадын эрлэг номын хаад, ертөнцийн байцаагч сахиулсан нар бий. Эл орд харшийн их бага хувилгаад бас Өлзийт тоорын баяр хуримд одмуй.” Их богд инээн өгүүлрүүн: “Намайг урих буюу?” Дагинас өгүүлрүүн: “Мэдэхгүй”. Их богд өгүүлрүүн: “Би болбоос тэнгэр лүгээ чацуу их богд болой. Өвгөн Сүн намайг урьж хуримын тэргүүн болгож үл болох учир юун?” Дагина нар өгүүлрүүн: “Энэ болбоос урдахь хуримын ёс бөлгөө. Өдгөөх хуримын ёс ямар болохыг эс мэдмүй.” Их богд өгүүлрүүн: “Энэ үг зүйтэй. Тануусыг зэмлэхгүй. Та нар энд түр зогсож байгтун. Өвгөн Сүн би одож намайг урих эсэхийг асуусугай.

 

Их богд тарни уншиж, долоон дагиныг “Зогс. Зогс. Зогс” хэмээмэгц, долоон дагина хөдөлж чадахгүй болж, нүд гөлрөн тоорын модны дор мэлрэн зогсов. Их богд үүл хөлөглөн хүрээлэнгээс дэгдэн гарч, Хасын нуурыг зорин одов. Хараахан явж ахуйд тэртээ этгээдэд:

 

Огторгуй дүүрэн бэлгэт туяа татан,  өнгөт үүл үргэлжилмүй. Ал тогорууны дуун агаарт цуурайтан, алтан бадам цэцэг арван зүгт дэлгэрчээ. Үүний дунд нь эрхэмсэг лагшин төгөлдөр нэгэн арш залармуй. Өнгөт солонго татуулан өв тэгш хувилгаан морилж, эрхт эрдэнийн сахиаг энгэр дээрээ зүүжээ. Үл төрөх, үл егүүдэх Махадар нэрт энэ арш Өлзийт тоорын хуримд өдгөө заларч байх ажгуу.

 

Махадар арштай учраад их богд арга үүсгэн асууруун: “Бумба хаа одмуй?” Махадар арш өгүүлрүүн: “Нэвс хүрзийн урилгад хүртэж, Өлзийт тоорын хуримд одмуй.” Их богд өгүүлрүүн: “Бумба чи мэдэхгүй болой. Өвгөн Сүн миний үүлнээ тонгорцоглох хурдан тул Хурмаст надаар таван орны олон бүгдийг уриулж, урьдаар гэгээн харшид ёслолыг боловсруулсны хойно сая хурим найрт оруулахаар тогтов.” Махадар арш үнэнч чигч хүн тул түүний үгийг үнэмшин, “Энгийн жилүүдэд цөм Хасын нуурт ёслолыг боловсруулан хишигт мөргөдөг агсан бөлгөө. Өдгөө юун хэмээн гэгээн харшид ёслолыг боловсруулсны хойно сая хасын нуурт одож, хуримд орох болсон буй?” хэмээгээд арга бус үүлээ залж, гэгээн харшийг зорин одов.

 

Их богд үүл хөлөглөн тарни уншиж биеэ хувилгаж, Махадар арш лугаа ав адил болоод хасын нуурыг зорьж, удалгүй эрдэнийн асарт хүрч, үүлэн толгой даран хөнгөн алхан дотор орж үзвээс:

 

Арц хүжсийн үнэр анхилан ариун туяа үргэлжлэн цацармуй. Хасын тавцан дээр хэв магнаг дэвсэж, эрдэнийн асраас гэгээн гэрэл гармуй. Ал гарьд халин алтан галбинга бүжиглэж, эсрүн цэцэг эрхэм цахирмаа өнгө ялгаран дэлгэрчээ. Есөн гарьдын түшлэгийг өмнө мөрөөр талбиж, найман эрдэнийн сандлыг наана талаар жагсаажээ. Алтан зурмалт ширээн дээр ногоон хасын тэвш тавьж, луугийн элэг, гарьдын чөмөг, амтын дээд Тансаг идээн эрхэм зууш, элдэв жимсийг үүний дотор дүүрэн таваглажээ. Энд ийм сайхан базааж тавьжээ. Үзвэл урьсан арш хувилгаад ирээгүй ажгуу. Хараахан ажиглан атал гэнэт хамарт нь сайхан үнэр анхилсанд эргэж харваас баруун этгээдийн хонгил дотор архи нэрэгч хэдэн хувилгаан харин хүчтэн хүүхдийг дагуулан архи нэрж байх тул их богд шүлсээ гоожуулмуй. Ууя хэмээхүл хүн олон байх тул арга бус. Ийнхүү нэгэн увидас гаргаж биеэсээ хэдэн үс сугалж аван зажилж, үлээн гаргаад “Хувил” хэмээмэгц даруй хэдэн нойр хүргэгч хорхой болон хувилаад тэд нарын нүүр дээр гарсанд цөм үүрэглэн унтав. Их богд тэдгээр идээн амтат зуушийг авч хонгилд орж лонх бодонг сөхөн цадтал идэн согттол уугаад “Дотор муу боллоо, муу боллоо, өдгөө урьсан зочид ирвээс намайг зэмлэх бус уу? тэдэнд баригдваас муу болмой. Ордондоо эртхэн буцаж, унтахыг хүрэхгүй” хэмээн сэтгээд гарч одов. Их богд гэлбэлзэн хайвалзан архины хүчээр дэмий мөргөлхийлөн явсаар төөрөөд Түшид тэнгэрийн ордонд хүрчээ. Их богд гэнэт сэхэсхийн: “Түшид тэнгэрийн ордон хэмээгч гучин гурван тэнгэрийн дээр байх Дилавын ордон бөлгөө. Яахан явсаар энд эндүүрч ирсэн аж. болтугай. Болтугай. Би хэзээнээс энэ өвгөнийг үзэхээр ирсүгэй хэмээн санасан авч ер ирж чадсангүй. Өдгөө энэ дашрамд түүнд золгосугай.” хэмээн сэтгээд дээл хувцсаа засч, дотогш орвоос Дилав үгүй бөгөөд өөр хүн үгүй, үзвээс Дилав, Дивангар лугаа улаан тавцан дээр ном өгүүлэлдэж байхын тул олон хувилгаан шавь, эрхтэн баатар цөм тэнд ном сонсож байх ажгуу. Их богд үрэл бөтөгх харшид орж үзэхүл хүн нэг ч үгүй. Үрэл бөтөгх зуухны дэргэд таван хул байх бөгөөд хулны дотор хийсэн нь цөм бөтөгсэн алтан үрэл ажгуу. Үүнийг үзээд Их богд маш баясан, “Энэ юм хэмээгч хувилгаадын эрхэм эрдэнэ болой. Өвгөн Сүн би шидийг олсноос нааш дотор гадрын адил ёсныг цөм нэвтэрхий мэдсэн бөгөөд алтан үрэл бүтээж, амьтанд тус хүргэсүгэй хэмээн сэтгэсэн боловч гэрт чөлөөгүйн тул эс бүтээв. Энэ өдөр хувь ерөөл буйн тул үүнд учрав. Дилавын гэртээ үгүйн чөлөөнд хэдэн үрэл амталж үзсүгэй.” хэмээгээд таван хул үрлийг цөм идэв. Үрлийн хүчээр архи нь сэргэсэнд дотроо: “Муу болжээ, муу болжээ. Энэ хэрэг тэнгэрээс их болов. Хэрвээ хурмастыг хилэгнүүлбээс аминд минь хор болмуй. Явсугай. Явсугай. Доод ертөнцдөө одож, ван суухыг үл хүрмүй.” хэмээн сэтгээд Түшид тэнгэрийн ордноос гарч, зам буруулан Тэнгэрийн баруун хаалгаар бие далдлах увидас үүсгэж, дутаан гараад үүлэн толгой дармагц Цэцэг жимст ууландаа хүрч ирэв. Үзэхүл туг хиур мяралзан зэр зэвсэг гялалзаж, дөрвөн өрлөг, далан хоёр агуйн шулмын хаадтай хамтаар цэргээ боловсруулан баймуй. Их богд: “Хүүхэд ээ, Би ирэв.” хэмээн дуудсанд тэд цөмөөр зэр зэвсгээ орхин урагш гүйлдэн ирж, мөргөн өгүүлрүүн: “Их богд юунд ийм санаа амар аж? Манийг орхиод өдий удтал нэг ч эргэж үзэхээр ирэхгүй вэ?” Их богд: “Би удсангүй. Би удсангүй.” хэмээн өгүүлсээр агуйдаа орсонд дөрвөн өрлөг нь суудал засан суулгаж, ёслон өгүүлрүүн: “Их богд энэ зуугаад жилд тэнгэрийн оронд ямар тушаал хүлээв?” Их богд инээгээд: “Би сая хагас жил болсон атал юунд зуугаад жил болов хэмээмүй?” хэмээсэнд дөрвөн өрлөг өгүүлрүүн: “Тэнгэрийн орны нэгэн өдөр нь доод ертөнцийн нэгэн жил бөлгөө.” Их богд өгүүлрүүн: “Хурмаст энэ удаа ихэд хайрлаж намайг үнэхээр “Тэнгэртэй чацуу их богд” өргөмжлөн, тэнгэртэй чацуу хэмээх ордон байгуулж өгөөд бас Амуулагч, амирлуулагч хэмээх хоёр ордон байгуулан түшмэл түшээ тохируулан өгөв. Хойно хурмаст минь хэрэг явдал үгүйг олж мэдээд надаар Өлзийт тоорын хүрээлэнг хамгаалуулав. Өдгөө Нэвс хүрз эх “Өлзийт тоорын их хурим” хийхдээ намайг урьсангүй тул би түүний урихыг хүлээлгүйгээр хасын нуурт одож, тэдний бэлдсэн хувилгаан идээн ба архийг цөм хулгайлан идэж уугаад ирэхдээ зам эндүүрч Дилавын ордонд орж, түүний бөтөгсэн таван хул алтан үрлийг хулгайлан идэж, хурмаст буруушаах болуузай хэмээн сая тэнгэрийн хаалганаас гарч ирэв.

 

Тэдгээр шулам сонсоод ихэд баясан архи жимс авчран угтах хурим бэлтгэж, наргилын архийг чулуун аяганд дүүрэн хийж барьсанд их богд авч оочин үзээд амаа ярвайж өгүүлрүүн: “Амтгүй. Амтгүй.” Хоёр өрлөг өгүүлрүүн:  “Их богд тэнгэрийн оронд хувилгаан идээн идэж, хувилгаан архи уусан тул энэ наргилын архийг голж байх буй за.” Эртний үгэнд “Ямар ч болтугай уг нутгийн уусан ус биш үү?” хэмээжээ. Их богд: “Та нар юу болсон ч “Төрөлх нутгийнхан болой”, би өглөө хасын нуурт идэж уухдаа харшийн хонгил дотор лонх маалуутай хувилгаан архи байхыг олж үзэв. Түүнийг та нар олж амтлаагүй тул би дахин одож хэдэн лонх хулгайлан авчирч хүн бүрт баахан уулгаваас цөм үхэлгүй мөнхийн шидийг олмуй” хэмээсэнд бичид бүгдээр маш баясав. Их богд төд агуйгаас гарж тонгорцоглон бие халхлах увидас үүсгэж шууд Өлзийт тоорын хуримд хүрч хасын нуурын ордонд орж үзвээс тэдгээр архи нэрэгч мөнхүү тавтай унтсан буй. Их богд даруй хоёр бүдүүн лонх архийг сугавчлан хоёр бага лонх архийг барьж үүл хөлөглөн буцаж ирээд олон бичин лүгээ “Хувилгаан архины хурим” хийж, тус тус хэдэн хундага ууж найрлан цэнгэснийг өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, тэр долоон дагина их богдын увидаст хүлэгдэн нэг өдөр болсон хойно сая тайлагдаж сагс сагсаа барин буцаж ирэн Нэвс хүрз эхэд айлгаруун: “Тэнгэр лүгээ чацуу их богд увидас хэрэглэн биднийг хөдөлгөлгүй зогсоосноор өдий удав.” Нэвс хүрз асууруун: “Та нар хэдий тоор түүж авчирсан бэ?” Дагинууд өгүүлрүүн: “Хоёр сагс жижиг тоор гурван сагс дунд тоор түүв. Том тоор нэг ч үгүй тул лав их богд хулгайлж идсэн буй за.” хэмээн ирэн явтал тэр гарч ирэн занчих хэмээн зандарч бас хурим хийж хэнийг урих вэ хэмээн асуусанд бид өнгөрсөн жилийн хуримын ёсыг хэлсэнд увидас үүсгэн маныг хүлээд хаа одсоныг мэдэхгүй бид сая тайлагдан буцаж ирэв.”

 

            Нэвс хүрз эх сонсож хурмастад золгож тоочин өгүүлж атал архи нэрэгчид бас хувилгаан эрхтэн лүгээ хамт ирж айлтгаруун: “Ямар хүнийг мэдэхгүй “Өлзийт тоорын хурим”-ыг түйдэж хувилгаан сархад амтат зууш Тансаг идээнийг цөм хулгайлан шамшжээ.” Жич дөрвөн Адиша ирж “Дилав ирэв” хэмээн айлтгасанд хурмаст Нэвс хүрз эх лүгээ гарч угтав. Дилав ёслоод өгүүлрүүн: “Бумба би ордондоо “есөнтөө боловсруулсан алтан үрэл” бүтээж “Хувилгаан үрлийн хурим“ хийх үес хаан хурмаст танаа барьсугай хэмээсэн бөлгөө. Санамсаргүйгээр хулгайд автсаны тул тусгайлан айлтгахаар ирэв.” Хурмаст сонсоод цочин атал тэнгэр лүгээ чацуу ордны хувилгаан түшмэл ирж мөргөн өгүүлрүүн: “Сүн их богд тушаалаа гүйцэтгэхгүйгээр өчигдөр ордноос гарч яваад өдгөө болтол буцаагүй. Хаа одсоныг мэдэхгүй.” Хурмаст сонсоод ихэд сэжиглэн атал Махадарь арш ирж мөргөн айлтгаруун: “Түшмэл би Нэвс хүрз эхийн зарлигаар өчигдөр ирэх замдаа тэнгэр лүгээ чацуу их богдтой учирсанд түүний надад өгүүлсэн нь тэр хурмастын зарлигаар түшмэл маныг удирдан урьдаар гэгээн харшид ёслолыг боловсруулсны дараа сая хуримд одмуй хэмээмүй. Түшмэл би түүний үгэнд үнэмшин гэгээн харшид хүрч үзвээс хаан хурмастын луугийн тэрэг, гарьдын сүйх харагдахгүй тул сая сандран ирэв.” Хурмаст сонсоод нэн цочин: “Энэ амьтан хэрхэн мэргэн сайд чамайг миний зарлиг хэмээн хэлсэн байнам, цагдан байцаах Лин Гуан түшмэл даруй гарч энэ амьтны хэргийг тодорхойлж айлтгатугай.”

 

            Лин Гуан харшаас гарч нарийвчлан байцааж олоод: “Тэнгэрийн орныг түйвээгч нь цөм тэр тэнгэр лүгээ чацуу их богд мөн болой.” хэмээн түүний хэргийг нэгэн зэрэг нарийвчлан айлтгав. Хурмаст ихэд хилэгнэн дөрвөн Махаранзыг Суваргат махаранз хийгээд Нэйж тайжид хавсруулан хорин найман од, есөн гариг, арван хоёр эрхтэн, таван орны кирди, дөрвөн цагийн эзлэгч дорно өрнийн одон мичид, өмнө умрын хувилгаан, таван уул, дөрвөн бялхмалын эзэд сахиусан зэрэг нийт арван түмэн тэнгэрийн цэргийг дайчлан арван найман давхар тэнгэрийн тор газрын өгөөш авч доод ертөнцөд буун Цэцэг жимст уулыг бүсэлж түүнийг эрхгүй барин шийтгэтүгэй.” хэмээн захив. Олон эрхтэн сахиусан даруй цэрэг дайчлан тэнгэрийн орноос гарч ирэв. Тэр байдлыг үзвээс:

 

            Тор тоос дэгдэн  хөх тэнгэрийг бүрхэж, хүдэн манан татаж хөрст газрыг хавхаглажээ. Бичин шулам баширлаж богд хурмастыг мэхэлсэн учир үй олон сахиусныг ертөнцөд буулгахад хүрүүлжээ. Дөрвөн Махаранз ерөнхийлөн таван орны кирди цэрэг дайчилж суваргат Махаранз дундад цэрэгт цааз зарлан догшин Нэйж тайж өмнөдөд хошуучлав. Рах одон өмнөд жагсаалыг байцаан хийд одон хойно хайгуулжээ. Сумьяа гариг сүр тавин, Адьяа гариг гэрэл цацруулав. Таван махбодын одон баатрын хүчин их есөн гаригийн эзэн байлдахад дуртай. Арван хоёр эрхтэн хулгана, морь туулай, тахиа ад биш цөм асар тэнгэрийн аруудхан баатарчууд мөн. Таван хижгийн эзэд, таван хайрхны сахиусан, зүүн баруунд жагсаан зургаан улаагчин зургаан хөх хоёр хажуугаар зэрэглэжээ. Дөрвөн далайн лус  дээр доор хувааж хорин найман одон давхар давхар байрлажээ. Цэдэр, Сувади, Шошаг, Анурад түрүү захираа болж Ривади, Ашувани, Барани, Гирдиг хөвхлөн дэгдэхүйд гавшгай. Удирасад, Абизи Шираван, Данисда, Садабис, Бурвабадрабад, Удирабадрабад, Цэста, Мол, Бурвасад одод цөм эрэмгий Буранвасан, Бүс, Аслис, Мэг, Бурбабэлгүни, Ударабэлгүни, Хасда нарын жад сэлэм бүжиглэн хувилгаан сүрийг бадруулмуй. Үүл тогтоон униар тунаруулан доод ертөнцөд бууж, Цэцэг жимст уулын өмнө цэргийн хүрээ буудаллав.

 

Шүлгийн үг:

 

            Эсэрүа тэнгэрээс эштэй бичин вангийн хувилах улирах олон

            Эрдэнийн үрэл адис дарсыг хулгайлаад уулын агуйд цэнгэлдмүй

Аймшиггүйгээр Өлзийт тоорын хуримыг түйвээн самууруулсны тул

Арван түмэн тэнгэрийн цэрэг өгөөш тороор бүрхэв.

 

Тэр үед суваргат Махаранз цааз зарлан хүрээ бууж, Цэцэг жимст уулыг зай завсаргүй бүсэлж дээр дор нь арван найман тэнгэрийн тор газрын өгөөш тавьж урьдаар догшин есөн гаригийг гаргаж байлдуулав. Тэр есөн гариг цэрэг авч агуйн гадна хүрч үзвээс их бага олон бичин үсэрч харайлан наадаж байх тул их дуунаар өгүүлрүүн: “Бид болбоос хурмаст тэнгэрийн зарлигаар танай урвасан их богдыг баривчлахаар ирсэн. Эрхтэн сахиусан мөн. Өчүүхэн шулмас та нар их богддоо түргэн хэл. Хурдан ирж дагатугай. Хэрвээ эс дагаваас танай мэтсийн амьтаныг нэг ч үлдээлгүй алмуй.” Бяцхан шулмас сандран гүйн орж: “Их богд оо. Муу болов. Муу болов, гадна сүрхий есөн сахиусан ирж хэлэх нь дээд зарлигаар чамайг барихаар ирсэн тэнгэрийн сахиусан хэмээмүй.” хэмээв.

 

Тэр үед их богд чив хэмээн далан хоёр агуйн шулмасын хаад хийгээд дөрвөн өрлөгтэйгөө хувилгаан архи ууж цэнгэлдэн сууж байсан тул энэ үгийг сонсоод: “Худал үнэнийг асуухын оронд хундага тавилгүй согттол уумуй.” хэмээн ажиггүй суумуй. Бяцхан шулам бас харайлан орж ирээд: “Тэр есөн сахиус үүдэн дээр аль муугаар харааж баймуй.” хэмээн мэдүүлсэнд их богд инээгээд: “Битгий хэрэгс, архи ууж шүлэг шүлэглэх нь энэ өдрийн жаргал, алдар нэр эрхэм гавьяанд битгий санаашир.“ хэмээн хэлж байхуйд бас нэгэн бяцхан шулам гүйн орж ирээд: “Тэр есөн сахиус нь үүдийг эвдэн алан орж айсуй.” хэмээн мэдүүлэв. Их богд хилэгнэн: “Энэ муу эрхтэн үнэхээр ёсгүй. Би тэдэн лүгээ мөчөөрхөхгүй байтал тэд юунд миний хаалганд ирж намайг доромжилмуй?” хэмээгээд ганц эвэрт чөтгөрийн ванг, далан хоёр агуйн шулмасын хаадыг дагуулан байлдахаар гаргаад өөрөө дөрвөн өрлөгөө дагуулан хойноос гарав. Чөтгөрийн ван цэргээ авч хаалга гаран угтан байлдахад догшин есөн гариг цавчлан орж ирээд чив хэмээн төмөр гүүрнээ учирсан тул гарч эс чадав.

 

Тийн цуугилдан байхад их богд хойноос хүрч ирээд: “Зам тавь.”  хэмээн бархиран чихнээсээ болд бэрээгээ гаргаж нэгэнтээ сажин аяган чинээ бүдүүн хоёр алд болгоод цохин оров. Есөн гариг хүчин мөхөсдөж хойш ухран гарч жагсаалын тэргүүнд зогсон өгүүлрүүн: “Үхэхээ үл мэдэх агтан даамал чи нэгэнтээ арван их ял үйлджээ. Урьдаар тоор хулгайлан, хойно архи хулгайлж дараагаар Дилавын эрдэнийн үрлийг хулгайлан бас хурмастын архийг хулгайлан авчирч агуйдаа уув. Чи ялын дээр ялтай болсноо мэдмүй?” Их богд инээн өгүүлрүүн: “Энэ хэрэг цөм үнэн болой. Гэтэл та нар хэрхмүй?” Есөн гариг өгүүлрүүн: “Хаан хурмастын алтан зарлигаар их цэрэг авч чамайг барихаар ирэв. Чи түргэн дагаваас танай энэ олон амьтан үхэхээс хэлтэрмүй. Эс дагаваас энэ уулыг тал болгож агуйг чинь урвуулмуй.” Их богд ихэд хилэгнэн: “Танай зэргийн муу эрхтэнд ямар увидас эрдэм бий хэмээн ийм их үг хэлмүй. Битгий дутаа өвгөн Сүний болд бэрээний амтыг үз.” хэмээн цохин ороход есөн гариг зэргээр угтан авав. Их богд өчүүхэн ч эмээлгүйгээр болд бэрээгээ эргүүлэн зүүнийг хашин барууныг тосож байлдахад есөн гаригийн хүчин мохож тэнхээ тасран цөм зэвсгээ чирэн буруулав. Тэр есүүл цэргийн цацартаа яаран орж суваргат Махаранзад өгүүлрүүн: “Тэр бичин ван үнэхээр баатар ажээ. Бид түүнд дийлэгдэн ирэв.”  Суваргат махаранз яаран дөрвөн махаранз хийгээд, хорин найман одыг аван гарч байлдахад их богд мөн өчүүхэн ч айхгүй ганц эвэрт чөтгөрийн ван, далан хоёр агуйн хаан хийгээд дөрвөн өрлөгөө авч агуйн хаалганы өмнө жагсаал жагсаан угтан байлдав. Энэ удаагийн байлдсан үнэхээр айхавтар:

 

Жихүүн салхи нь сэрчигнэж жигтэй манан тунарчээ. Тэртээ этгээдэд туг хиур намиран энэтээ этгээдэд зэр зэвсэг гялбалзмуй. Алт мөнгөн дуулгууд  агаарын наранд гялс хийж алмас эрдэнийн хуягууд адбиш бат бэх даам илдцавчихуйяа цахилгаан цахилж мөнгөн жад гулбилзахуйяа үүл хурайлзмуй. Сэрээт жад, төмөр ташуур, хүрэл сэлэм, хүдэр балт ой шугуй мэт архаймуй. Хүчит нум, хатуу холхивч, өдөт сум, охор шийдэм, урт жад, хурц мэс үнэхээр айхавтар. Эрэмгий их богд эрдэнийн бэрээ эргүүлэн эсэрүагийн олон эрхтэнийг эсэргүүцэн тосч байлдахуйяа өдөн жигүүрт шувууд үтэр зайлан дутааж өндөр уулын араатан үргэн цочиж зугтмуй. Тор тоос дэгдэн тэнгэрийн наран халхалж улаан манан дэгдэн орчлон дэлхийг бүрхээд зэр зэвсгийн дуунд тэнгэр лус гэлмэж зууралдан байлдах сүрээс  чөтгөр сахиус нь эмээмүй.

 

Луу цагаас наран шингэтэл зууралдан байлдаж ганц эвэрт чөтгөрийн ван хийгээд далан хоёр агуйн шулмасын хаан цөм тэнгэрийн эрхтэн сахиусанд баригдав. Гагц дөрвөн өрлөг хийгээд олон бичин дутаан гараад усан үүдэт агуйд нуужээ. Их богд ганцаараа дөрвөн их Махаранз хийгээд суваргат махаранз, тайж Нэйж лүгээ огторгуйд удтал байлдсаар тэнгэр нэгэнт орой болсон тул биенээсээ нэгэн атга үс сугалж аваад амандаа зажилж үлээн гаргаад: “Хувил” хэмээмэгц даруй мянга түмэн их богд болон хувилаад гартаа цөм болд бэрээ барьж цохилон ороод тайж Нэйжийг цохин ухруулж таван махаранзыг дийлэв.

 

Их богд дийлээд үсээ хураан авч агуйдаа ороход дөрвөн өрлөг бүгд бичнээ авч төмөр гүүрэнд угтан ирээд их дуунаар гурвантаа уйлан, гурвантаа инээсэнд их богд: “Та нар намайг үзээд юунд уйлан бас инээмүй?” хэмээн асуусанд дөрвөн өрлөг өгүүлрүүн: “Энэ өглөө олныг авч махаранз лугаа байлдахуйд далан хоёр агуйн шулмасын хаан хийгээд ганц эвэрт чөтгөрийн ван цөм олон эрхтэн сахиусанд баригдаад бид дутаан гарав. Тиймийн тул уйлав. Өдгөө их богдын бие гэм олсонгүйгээр дийлээд ирсэнд баясан инээв.” Их богд: “Дийлэх дийлэгдэх нь цэргийн ердийн ёс, эртний үгэнд “Хүнийхийг түм албаас өөрийнх гурван мянга хормуй” хэмээжээ. Түүнчлэн баригдсан тэдгээр нь цөм барс ирвэс, баавгай, өтөг, чоно үнэг зэргийн өөр аймагтан болой. Манай аймгаас нэг ч хорлогдсонгүй юуны учир гаслан зовмуй? Би хэдийгээр тэднийг бие улируулах увидсаар алан ухруулсан боловч тэд мөн уулны дор хүрээ буужээ. Бид хичээн сэргийлж чанга сахин цадтал идэн ханатал унтаж биеэ амарсугай. Үүр цайсны хойно би хувилгаан увидас гарган тэдгээр тэнгэрийн эрхтэн нарыг барьж олны өшөөг авсугай.” хэмээгээд дөрвөн өрлөг хийгээд олон бичинтэйгээ наргилын архийг хэдэн аяга уугаад санаа амар унтав.

 

Тэр дөрвөн махаранз цэргээ хураагаад өөр гавьяагаа мэдүүлэв. Үзвээс зарим нь барс ирвэс барьж, зарим нь арслан, заан барьж, зарим нь чоно үнэг барьжээ. Харин бичинг олж барьсан нь нэг ч үгүй тэр зуур цэргийн хүрээ бууж гавьяа байгуулсан жанжин цэргийг шагнаж олонд хурим шагнаж тэнгэрийн тор газрын өгөөш тавигч цэргүүдэд цөм дохион тэмдэг бариулан Цэцэг жимст уулыг бүслэн хаагаад манагар байлдахын тул үүр цайхыг хүлээв. Тус тусдаа зарлигийг хүлээн газар бүхнийг чандлан сахижээ. Төв хэмээн: “Догшин бичин самууныг үүсгэж тэнгэр газрыг цочоосонд тор тавин өгөөш дэлгэж өдөр шөнөгүй сахимуй. Үүр цайсны хойно яаж байлдахыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.

 


 

Энэхүү алдарт зохиолыг ZASAGLАL.MN сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Зохиогчийн эрхийн хуулийн дагуу хамгаалагдсан учир зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн ашиглахыг хориглоно.

“ТӨРИЙН АЛБЫГ НАМЫН ХҮНЭЭР ДҮҮРГЭСНИЙ ГАЙ ЗТХЯ ГЭЛТГҮЙ БҮХ САЛБАРТ НҮҮРЛЭЖЭЭ”

  УБТЗ-ын зөвлөх, Монголын Улсын Зөвлөх инженер, Хөдөлмөрийн баатар Р.Раштай ярилцлаа. -Монголын төмөр ...

Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн соёлтой жишиг тогтохын эхлэл боллоо

  УИХ-ын дарга М.Энхболд "Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй. Гэхдээ 60 тэрбумын ...

Орос Европын гүрэн болоход 150 жил хэрэгтэй гэв үү?

  Эдвард Радзинскийн “Сталин. М, 2007” номын (Баабарын орчуулга) сонирхолтой хэсгээс дахин эшлэе:   1944 ...

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна

  Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад ...

Д.ОЮУНХОРОЛ ГИШҮҮН ГЭРЭЛ ЗУРАГЧИДТАЙ ХАТУУ ТЭМЦЭНЭ ГЭВ

  УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын жиргээ өчигдөр цахим хуудсанд нэлээн хүчтэй тарав. Тэрбээр өөрийнх нь зургийг ...

Яамдаас илэрсэн 115 согтууруулах ундааг ажлын байрнаас гаргуулжээ

  ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг  13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах ...

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ван И сайд Монгол Улсад айлчлах нь Монгол Хятадын харилцааны баярт үйл явдал

8-р сарын 21-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзаж, талууд БНХАУ-ын Төрийн ...

Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзалт хийлээ

8-р сарын 20-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж, талууд хоёр талын харилцаа, ...

Элчин сайд Шин Хаймин Бээжингийн Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

8-р сарын 16-нд Элчин сайд Шин Хаймин Бээжингийн Дипломат байгуулагын үйлчилгээг эрхлэх газрын дэд дарга Чэнь ...

“ПАНДАГИЙН ТЭВРЭЛТ” БА У.ХҮРЭЛСҮХИЙН ХУВЬ ЗАЯА

Панда аюултай үедээ маш аюултай. Панда устгах амьтнаа баавгайн араншингаар тэвэрч аваад, нугасалж алдаг. ...

Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 91 жилийн ойн баярын хүлээн авалтыг сүр жавхлантай зохион байгууллаа

Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 91 жилийн ойг тохиолдуулан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ 7-р сарын ...

Элчин сайд Шин Хаймин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлын орлогч Рэнь Минхуйтай уулзлаа

7-р сарын 27-нд Элчин сайд Шин Хаймин Дэлхийн Хепатитын өдөрт оролцхоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Дэлхийн эрүүл ...

АРДЧИЛСАН НАМ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ

ЗТХЯ-ны удирдах албан тушаалтнууд нэгнийхээ амь насанд хүрсэн асуудлаар АРДЧИЛСАН НАМ МЭДЭГДЭЛ хийж байна.      Дэлгэрэнгүй...

Нүүрсний гэрээг ил болгоё, Ерөнхий сайд аа?!

  “Эрдэнэс Таван­толгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн дунд байсан мөргөцөг өнгөрсөн ...

Б.Бахытгүл: Би Д.Мураттай хэзээ ч тохиролцохгүй

  УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд боллоо. ...

Г.Уянга: Хоёр сайхан аавтай, би азтай хүн

  Тээр жилийн зэврүүхэн өдрийг бүүр түүрхэн санадаг юм. Би сургуульд ч ороогүй, 5 нас арай хүрээгүй байсан. ...

МАН-ын Хяналтын хорооны “матрын нулимс”

  “Матрын нулимс” хэмээх хэлц бий. Их ч ашиглагддаг. Гэхдээ бодитоор матрын нулимс гэж чухам юу вэ ...

ЗТХЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ

  Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13 дугаар байранд өчигдөр/08.09/ 22:00 цагийн орчимд онц ...

Д.ГАНТУЛГЫГ ШҮҮХ ХУРАЛД СЭТГЭЦ МЭДРЭЛИЙН ЭМЧ ОРОЛЦОНО

  УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлсэн гэх хэрэгт гэм буруутай эсэхийг ...

СЕХ Иргэний Зориг Ногоон Намыг бүртгэхээс татгалзлаа

  УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоор 14 нам хүсэлтээ өгснөөс 13 нь сонгуулийн төв байгууллагад бүртгэгдээд ...

БНХАУ-ын дарга Руандад айлчиллаа

  КИГАЛИ. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин өчигдөр Руандад айлчлал хийснээр тус улсад айлчилж буй БНХАУ-ын ...

Ерөнхий сайд аа, Засаг дарга нар НИНЖА нарын амиа алдсан хэргийг хав дараад байна

  Ерөнхий сайд аа, НИНЖА нар Монгол Улсын газар нутгийг экологийн сүйрэлд оруулж алтны судал илэрсэн эрүүл ...

Сэрэмжлүүлэг: Булган аймагт хоёр хүүхэд аянгад цохиулжээ

  Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн “Хөндлөн бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд ...

“ТАВАНБОГД” КОМПАНИЙН ГАЛЕРЕЙН БАЙРАНД ГАЛ ГАРЧЭЭ

Өнөөдөр өглөө Засгийн газрын ордны зүүн талд байрлах, хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр баригдаад дуусаж ...

МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ ӨСЧЭЭ

  Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага ...

ПРОФЕССОР Д.ЧУЛУУНЖАВ: УЙГАРЖИН МОНГОЛ ҮСЭГ, БИЧГИЙН УЧИР, ААЦАА

  Професор Д.Чулуунжав найз өөрийн бичвэрийг блогтоо тавьж тус болооч гэж хүссэний дагуу түүний өгүүллийг ...

Баабар: Бүгд Найрамдах Дорнод Монгол Ард Улс

  (МОНГОЛ ТҮҮХ дөрвөн боть номын хэсгээс)   Монгол-Зөвлөлтийн арми манжуурыг чөлөөлөхөд Манжгогийн ...

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД 337 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ

  Баяр наадмын үеэр буюу энэ сарын 11-15-ны өдөр улсын хэмжээнд түргэн тусламжийн 4,750 дуудлага ирсний, 83 хувь ...

Б.Гүрсоронзон: Иргэний хүсэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна

  Автотээврийн ундэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзонгоос зарим ...

Наадмын дараа төрсөн элдэв бодлууд

  Дууссаных нь дараа шууд намар болдог наадам дууслаа. Монгол хүн бүр сэтгэлээ догдлоон байж хүлээдэг болохоор ...

Хятад улстай илүү нягт хамтран ажиллахыг ЕХ-нд уриалжээ

  БЭЭЖИН. /ТАСС/. БНХАУ-ын дарга Си Жиньпин Европын Холбоог /ЕХ/ Хятад улстай илүү нягт хамтран ажиллахыг ...

Амралтын тав хоногт амиа алдсан 28 иргэний ослын шалтгааныг шалгаж байна

  Улаанбаатар /МОНЦАМЭ/ Баяр наадам, амралтын өдрүүдийн ЦЕГ, ОБЕГ, баярын өдрүүдийн жижүүр эргүүлийн нэгтгэсэн ...

Усанд урссан амь бүрийн төлөө…

  Зуны дэлгэр цагт хүн бүр агаар салхи, гол ус, ургамал моддыг бараадан зугаалж явна. Бүтэн жилийн стресс ...

Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах эсэхийг шийдэх санал гаргав

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ...

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовын Үндэсний их баяр наадмын мэндчилгээ

    Эрхэм хүндэт монгол найз нөхөд өө!   Ард түмний хамгийн хайртай, зуны дэлгэр баяр цэнгээн Үндэсний ...

Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын Аудитын газрын Ерөнхий аудитор хатагтай Ху Зэжюньтэй ажил хэргийн уулзалт хийв

  7-р сарын 7-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсад айлчлал хийж буй БНХАУ-ын Аудитын газрын Ерөнхий аудитор ...

«Горизонт» олон улсын отряд залуучуудад орос хэл заахаар Монголыг зорив

ОХУ-д дээд боловсрол эзэмшихийн тулд орос хэл сурах хүсэлтэй монгол оюутан сурагчид нь хэдхэн хоногийн дараа ...

ӨМӨЗО-ны даргын айлчлал Монгол улсад амжилттай зохион байгуулагдлаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли ...

НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ЕСДҮГЭЭР САРЫН 14-НД ТОДОРНО

  СЕХ хуралдаж сонгуультай холбоотой зарим асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг  гаргажээ. Тухайлбал, ...

Тээврийн хэрэгслийн долоон төрлийн зөвшөөрөл олгож байна

  Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын хэмжээнээс хамааран тээврийн хэрэгслийн ...

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ МОРЬ ДАГАВАЛ ТОРГОНО

  Энэ жилийн наадмаар хурдан морь дагадаг автомашинуудыг болиулах шийдвэрийг Хурдан морины комисс гаргажээ. ...

60 тэрбумын бичлэгийг шинжилсэн дэлхийд нэртэй компани гэсэн нь подвал түрээсэлдэг хувь хүн байжээ

  Нохойнд барьдаг мод гэдэг шиг  УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтнийг буруутгах, харлуулахад ашигладаг ...

Э.ЭРДЭНЭСҮРЭН, С.ЭНХБААТАР НАРЫГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛЛОО

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Архивын ...

Магнай трейд, М-Ойл, Зам зуур гэх мэт шатахуун түгээх станцууд хуурамч шатахуун зарж байна

  Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахууны талаар мэдээлэл хийж байна.   Монголын ...

ОЛИМПИЙН АВАРГУУДТАЙ ХОЛБООТОЙ ТОМ ЭДЛЭН ГАЗРЫН МАРГААН ДЭГДЭВ ҮҮ

  Олимпийн аваргуудтай холбоотой том талбай хамарсан газруудын маргаан дэгдсэн бололтой.  Тодруулбал, ...

Орос ДАШТ-д зориулан дахин 800 сая рубль гаргажээ

  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад зориулан ОХУ-ын Засгийн газар нэмэлтээр 800 ...

Монголыг хэн мөхөөж байна вэ?

  АРДЧИЛАЛ нэрээр намуудын бүтцийг ашиглан, “улстѳрчид” хэмээн ѳѳрсдийгѳѳ нэрлэсэн, “юм үзэж нүд ...

ИНЕГ-ын удирдлагууд архидан согтуурч, караокены бармен залууг зоджээ

  Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын удирдах албан тушаалтнууд буюу ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн, ...

АТГ 46 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА

  АТГ-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй ...

All Rights Reserved